ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн болон Үндэсний их баяр наадмын мэндчилгээг наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Манай хамт олон нийгэмд шударга ёсыг тогтоож, хөгжил дэвшлийг авчрах эрхэм зорилгын дор авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ төр, засгийн авлигатай тэмцэх хүсэл зориг, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Их Хурлаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сая баталснаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн үзэл, хандлагыг төлөвшүүлэх өргөн боломжийг бидэнд нээж өглөө.
Авлигын эсрэг конвенцыг баталсны 20 жилийн ойг тохиолдуулан НҮБ-аас “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриаг дэвшүүлсэн бөгөөд АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн шударга ёсыг сэргээн бэхжүүлэх, олон нийтийг авлигыг үл тэвчин шүгэл үлээхэд уриалан, авлигын эсрэг “НЭГДЬЕ” үндэсний аяныг санаачлан зохион байгуулж байна.
Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтыг татварын байгууллагатай хамтран явуулж нийт 8,0 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн, торгууль алдангид 569,5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ноогдуулан, улсад учруулсан хохирлыг барагдуулан ажиллаж байна.
Авлигын гэмт хэргийг илрүүлэх, шуурхай мөрдөн шалгах, гэмт хэрэг гарч буй шалтгаан, нөхцөлийг арилгах, гадаад улс руу оргон зайлсан этгээдүүд болон оффшор бүсэд нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэх, буцаан авчрах, царцаах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байна.
Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлснээр 2023 оны эхний хагас жилд мөрдөн шалгасан хэргийн тоо 28.7 хувиар, шүүхэд шилжүүлэн шийдвэрлэгдсэн авлигын хэрэг 23.2 хувиар нэмэгдсэний зэрэгцээ мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэлт 71.8 хувиар өсөж, нийт 2.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж ажиллалаа.
Нар, хур тэгширсэн наадмын дэлгэр сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд нь иртэй хүчтэй, эрэмгий шандаст хүлгүүд нь эрчтэй хурдан, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байж, дээдийн заяатай Монгол түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Төр нь түвшин, түмэн олон амгалан, эрүүл саруул байг.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА
2023.07.10.