“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон: Монголын ирээдүй гэрэлтэй байна

0

Монгол Улсыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор зохион байгуулж буй “Монголын Эдийн засгийн форум-2023” Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Тэгвэл өнөөдөр Рио Тинтогийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон дараах илтгэлийг тавьсан бөгөөд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, хүндэт зочид та бүхэнд баярлалаа.

Бид өнөөдөр хуран чуулж Монгол Улсын ирээдүйн талаар хэлэлцэж, энэ улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хүрэх асар их нөөц бололцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцаж байна.

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутгийг хамарсан үер усны гамшгаас шалтгаалж олон Монголчууд хамгийн тулсан асуудал болох гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Бидний зүгээс үерийн гамшигт өртсөн хүмүүст санаа зовниж байгааг минь хүлээн авна уу.

Рио Тинто болон Оюу Толгой компаниуд үүссэн нөхцөл байдлыг даван гарахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж, гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Оюу Толгой компанийн хамт олон ОБЕГ болон Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, онцгой байдлын үед ажиллахад шаардлагатай техник, нөөцөөр дэмжин ажиллаж байна. Монгол орны бусдаас илүү гол чанарууд бол ард түмнийх нь тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар, сэтгэлийн тэнхээ юм. Үер усны гамшигтай байгаа энэ үед эдгээр чанар Монголчуудаас тод харагдаж байна. Засгийн газар үерийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох арга хэмжээг авч байгаа энэ өдрүүдэд Рио Тинто болон Оюу Толгойн зүгээс дэмжиж хамтран ажиллах болно.

Монголын ирээдүй гэрэлтэй байна. Дараагийн 15 минутын хугацаанд миний бие дараах дөрвөн асуудлаар санаа бодлоо Та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Үүнд:

  • Монгол Улсын хөгжлийн бат бөх суурь үзүүлэлтүүд
  • Дэлхийн хандлагыг тодорхойлогч томоохон хүчин зүйлс хийгээд тэдгээрийн Монгол Улсад үзүүлэх нөлөө
  • Монголын зэс болон чадварлаг хүний нөөц Хөгжлийн хурдасгуур болох нь
  • 2050 оныг өнөөгийн өнцгөөс харах нь
  1. Монгол Улсын хөгжлийн бат бөх суурь үзүүлэлтүүд

Монгол орны ирээдүй үнэхээр гэрэлтэй байна – Мянга мянган жилийн баялаг түүхтэй, хийж бүтээх хүсэл зориг, эрч хүчээр дүүрэн, ирээдүйн асар их нөөц бололцоотой орон.

Монголын эдийн засгийн хөгжил дэвшил үнэхээр гайхалтай байсаар ирсэн. 2009 онтой өнөөгийн түвшнийг харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ бараг хоёр дахин өсжээ.

Монгол бол эрч хүч оргилсон, нээлттэй, дэлхийн түвшинд сэтгэдэг улс. Улам бүр туйлширч буй дэлхий ертөнцөд гадаад болон эдийн засгийн ухаалаг бодлого явуулж буй хамгийн нэр хүндтэй улсын нэг билээ.

Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, олон улсын тулгамдсан асуудалд үргэлж жин өгсөж зодоглодог. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, дэлхийн түвшний асуудалд дэлхийн түвшний шийдэл гаргадгаараа энэхүү байр суурийг Монголчууд өөрсдөө олж авсан.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд бүх нийтийн бичиг үсгийн боловсролоос өгсүүлээд нийгмийн хөгжил зэрэг дэлхийд тулгамдсан асуудлаар 70 гаруй тогтоолыг санаачилжээ.

Ердөө өнгөрсөн сард гэхэд Монгол Улс эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын дэлхийн анхны бага хурлыг санаачилж, Улаанбаатарт зохион байгууллаа.

Монгол Улс дэлхийн тавцанд байр сууриа улам бэхжүүлж, дотооддоо эдийн засгийн хөгжлийг хангахыг эрмэлзэж байгаа энэ үед дэлхийн хандлагыг тодорхойлж буй томоохон хүчин зүйлсийн нөлөөг ойлгох нь чухал юм.

  1. Дэлхийн хандлагыг тодорхойлогч томоохон хүчин зүйлс ба тэдгээрийн Монгол Улсад үзүүлэх нөлөө

Яг одоо биднийг чуулж байх энэ цаг дор дэлхийд асар том, хурдацтай өөрчлөлтүүд явагдаж байна. Магадгүй сүүлийн 300 жилд өрнөсөн хамгийн том өөрчлөлт нь ч байж мэднэ. Тасралтгүй, улам бүр эрчилж буй дэлхийн түвшний таван хүчин зүйлс энэхүү өөрчлөлтийг тодорхойлж байна. Эдгээр хүчин зүйлс нь дангаараа л гэхэд улс орон, эсвэл компанийг орвонгоор нь өөрчлөхүйц нөлөөтэй. Гэтэл дангаараа бус хавсарч байгаа эдгээр хүчин зүйлстэй бид өмнө нь тулгарч байсангүй. Эдгээр таван хүчин зүйлсийг нэрлэвэл:

Нэгт. Уур амьсгалын өөрчлөлт ба хүн төрөлхтний түүхэнд хөрөнгийн хамгийн том дахин хуваарилалтыг эрчимжүүлж буй эрчим хүчний шилжилт;

Хоёрт. Геополитикийн томоохон өөрчлөлт ба шинэ даяаршил; Гуравт. Дэлхийн эдийн засгийн хүчний төв Азид шилжиж байна;

Дөрөвт. Хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт – Хувийн эзэмшил дэх хөрөнгийн төвлөрлийн шилжилт, үүний нөлөөллийн жин;

Тавд. Технологи, дижитал, хиймэл оюун ухаан, квантын тооцоолол, болон нано технологид өрнөж буй хурдтай бөгөөд эрс өөрчлөлт.

Энэхүү өөрчлөлтийн цар хүрээ нь дор хаяж Аж үйлдвэрийн хувьсгалын үетэй дүйж байгаа байгаа мэт боловч хурдаараа хэд дахин илүү юм.

Энэ бүхэн тодорхойгүй байдал үүсгэж байгаа ч Монголын хувьд давуу тал бий болгож болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц юм.

Эрчим хүчний шилжилт энэ бүхний яг голд нь оршиж байна.

McKinsey-ийн судалгаагаар бид 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэхийн тулд дэлхийн ДНБ-ий 7.6% буюу жилд 9 их наяд гаруй евро зарцуулах шаардлагатай. Энэ нь өнөөдрийн бидний зарцуулж буй дүнгээс 3.4 их наяд еврогоор их юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ирэх 5 жилд өмнөх 20 жилийнхтэй дүйцэхүйцээр нэмэгдэнэ. Тус агентлагийн “Тогтвортой хөгжлийн хувилбарт таамаглал”-аар бидэнд дараах хэмжээний материалууд шаардлагатай аж. Үүнд: 2040 он гэхэд никелийн үйлдвэрлэлийн хэмжээг 2020 оноос 19 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Харин литийн үйлдвэрлэлийг 2020 оныхоос 42 дахин нэмэх хэрэгтэй болно. Харин зэсийн тухайд гэвэл…

Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар хүн төрөлхтөн өнгөрсөн 100 мянган жилд 700 сая тонн зэс олборлож, боловсруулжээ. Гэтэл дэлхий дахинд ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ-ий 3.5%- ийн өсөлтийг хангахын тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай болно.

Энэхүү зэсийн ирээдүй л Рио Тинтог Монголд хөтөлсөн…

  1. Монголын зэс болон чадварлаг хүний нөөц Хөгжлийн хурдасгуур болох нь

Монгол орны зэс, байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломж Монголчуудын өмнө байна.

2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа. Гэхдээ дээр дурдсан боломжийг ашиглахын тулд юу хийх ёстой вэ?

2010 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Оюу Толгой төсөлд зориулж 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах мөч ойртсоор байгаа энэ үед ч хөрөнгө оруулсаар байна.

2022 оны 12 дугаар сард Рио Тинтогийн ТУЗ Туркойс Хилл Ресурсыг худалдаж авах зөвшөөрлийг өгч, Монгол Улс дахь хөрөнгө оруулалтаа улам бэхжүүлсэн. Энэ оны эхээр Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн билээ.

Олон улсын зах зээл дээр капитал өдөр ирэх тусам үнэтэй болж, томоохон корпорацуудын нэгдэл, чухал ашигт малтмал, тэр дундаа зэс шиг түүхий эдийн үнийг улам хөөрөгдөж, өрсөлдөөн ширүүсэж буй үед бид Туркойс Хилл Ресурсыг худалдан авсан гэдгийг би энд тэмдэглэхийг хүсэж байна.

Бид хөрөнгөө өөр газар чиглүүлж зарцуулж болох байсан авч Монгол Улсын ирээдүй, боломжид бүрэн итгэж байсны илэрхийлэл болгож ийм шийдвэр гаргасан юм.

Өдгөө 20 гаруй мянган залуу Оюу Толгой төслийг цогцлоож байна. Тэдгээрийн 97 хувь нь Монголчууд, түүгээр барахгүй удирдлагын багийн 90 хувь нь мөн л Монголчууд байна. Үүний дүнд Монгол Улс блокчлон олборлох аргаар дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг хэдийн болжээ.

Хөрөнгө оруулна гэдэг нь зөвхөн хөрөнгө зараад, хүн ажилд авах тухай асуудал биш. Энэ бол ханган нийлүүлэлтийн сүлжээнд зөв хамтрагчаа сонгож, хол замыг хамтдаа амжилттай туулах аргачлал. Өөрөөр хэлбэл ажиллах хүчин, гэрээт ажилтнуудаа өөртөө татаж, тэднийг сургаж, авьяас чадварыг нь улам сайжруулах тухай асуудал юм. Цаашлаад хариуцлагатай корпорацын хувьд нийгэмдээ идэвхтэй үүрэг гүйцэтгэх тухай зүйл. Бүр цаашилбал урагшлах замдаа бусдыгаа чин сэтгэлээсээ сонсож, тэдний санаа бодол, зөвлөмжийг нь үйл ажиллагаандаа тусгах тухай асуудал гэж ойлгож болно.

Өнөөг хүртэл Оюу Толгой 5.1 тэрбум ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулж Монголын компаниудыг дэмжсэн. Үүнээс 1.2 тэрбум нь Өмнийн Говийн бүсэд зарцуулагдсан байна.

2023 оны эхний улирлын байдлаар Оюу Толгой 609 ханган нийлүүлэгчтэй ажилласнаас 412 нь Монголын компаниуд.

2011 оноос хойш Оюу Толгойн боловсролын хөтөлбөрүүдэд 3,800 гаруй оюутан сурагч хамрагдсанаас гадна ШУТИС-тай байгуулсан манай түншлэлийн хүрээнд Монголын анхны геотехникийн чулуулгийн лабораторийг байгуулсан юм. Энэхүү лаборатори нь Монгол Улсын дээд боловсролын салбарт хувийн компаниас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болсон.

Ийм зүйл ярихаар бид хүн ярихаас өөр аргагүй болно. Монголыг бодохоор хамгийн түрүүнд толгойд минь орж ирдэг зүйл гэж хэлж болно. Үнэхээр ч өнөөдөр хүн л улс орон, компаниудыг дараагийн шатанд хүрэх хамгийн хүчирхэг хурдасгуур нь болж өгч байна.

Монголын ирээдүйд бид бүрэн дүүрэн итгэж байгаагийн хамгийн том шалтгаан бол Монголын ард түмэн. Оюу Толгойд ажиллаж байсан Рио Тинтогийн хамгийн туршлагатай олон уурхайчинтай би уулзаж ярилцаж үзсэн. Тэд нэг л зүйл надад хэлдэг. Монгол ажиллах хүчин, удирдлагын түвшинд ажиллаж байгаа монгол залуучууд үнэхээрийн авьяастай гэж хэлдэг.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Оюу Толгой дахь ажилчдын идэвх оролцоо манай группийн түвшинд аваад үзэхэд тогтмол хамгийн өндөр байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл Рио Тинто даяар аваад үзэхэд дунджаас 20 гаруй хувь илүү байна.

Ийм чадварлаг, идэвхтэй хамт олон байгаа учраас Рио Тинтогийн ажиллуулдаг уурхайнуудаас Оюу Толгой хамгийн аюулгүй нь болсон юм. Группийн дундаж үзүүлэлттэй Оюу Толгойг харьцуулахад гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт бараг хагас орчмоор бага байна.

Зөвхөн аюулгүйгээр барахгүй өнгөрсөн арван жилийн хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй ил уурхайг Оюу Толгой ажиллуулж чадсан гэдгийг энд бас тэмдэглэхийг хүсэж байна.

Оюу Толгойд ажиллаж байгаа өндөр авьяас чадвартай баг цаашлаад Рио Тинтогийн бусад уурхайд ажиллаж байгаа Монголчуудаас бид суралцаж байна.

Манай группийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болох Та бүхний сайн мэдэх Б.Болд өдгөө манай Зэсийн группийн дэлхий даяарх үйл ажиллагаа, цаашлаад ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг хариуцаж ажиллаж байна.

Австралиас, Мадагаскар, цаашлаад АНУ гэх мэт дэлхийн өнцөг булан бүрд байгаа манай үйл ажиллагаанд монголчууд гүйцэтгэх удирдлагын түвшинд амжилттай ажиллаж байна.

Улаанбаатарт байгаа 200 гаруй авьяаслаг монгол залуус инновацыг урлаж, ирээдүйд Рио Тинтогийн дэлхийг хэрсэн үйл ажиллагааг хэрхэн илүү өгөөжтэй, бүтээмжтэй болгохын төлөө шандсаа сорин ажиллаж байна.

5. 2050 оныг өнөөгийн өнцгөөс ярих нь

Ирээдүйн талаар ярихаас өмнө би өнгөрсөн нэг түүхийг хуваалцмаар санагдлаа. Энэ бол зорилготой хүсэл эрмэлзэл, зөв төлөвлөлт, сахилга батыг сахиж чадвал боломжийг хэрхэн ирээдүйн хөгжил цэцэглэлт болгосон тухай юм.

Залуудаа би Сөүл хотод зургаан жил амьдарч байхдаа Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжсөн эдийн засгийн маш олон салбарт ажиллаж үзсэн юм. Өмнөд Солонгос дандаа өнөөдрийнх шиг эдийн засгийн олон амжилттай салбартай, инновацаар тэргүүлэгч байгаагүй юм шүү гэдгийг би энд хэлмээр байна.

Энэ харуулж байгаа зурган дээр 1970 онд Похан Төмөр, гангийн үйлдвэрийн шавыг тавих ёслол харагдаж байна. Энэ үеэс өмнө Өмнөд Солонгосын эрчим хүчний нийлүүлэлт маш ядмаг, өөрийн гэсэн төмрийн хүдэр, коксожсон нүүрсний нөөцгүй, аж үйлдвэрийн зах зээл гэх зүйл бараг байхгүй, капитал олж авах боломжгүй шахуу орон байв. Гэхдээ тэдэнд нэг л хүсэл тэмүүлэл байсан. Тэр бол маш хурдтай өсөн хөгжиж, аж үйлдвэржиж байгаа бүсэд үйлдвэрлэлийн тэргүүлэх нэг бааз болох явдал байв. Ингээд арав хүрэхгүй жилийн дотор Похан гэх жижигхэн загасчдын тосгон дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэлийн төв болсон юм. Энэ үйлдвэр эдүгээ дэлхийн хамгийн өндөр бүтээмжтэй тэргүүлэх гангийн үйлдвэрийн нэг болжээ.

Ингээд ар араасаа та бүхний сайн мэдэх Самсунг, ЭлЖи, Хьюндэй амжилтад хүрсэн билээ.

Өмнөд Солонгосын хувьд энэ юу гэсэн үг вэ? Дэлхийн банкны мэдээллээр нэг хүнд ногдох БНСУ-ын үндэсний нийт бүтээгдэхүүн 1960-аад оны эхээр 100 ам.доллар байсан бол 2019 онд АНУ-ын хэмжээнд зэрэгцэн очиж 33,790 ам.доллар болжээ.

Энэ завшааныг ашиглаад хэлэхэд Рио Тинто анхныхаа төмрийн хүдрийг Похангийн үйлдвэрт 1973 онд нийлүүлж байлаа. 2023 онд бид хамтын ажиллагааныхаа 50 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ингээд үзэхээр урт хугацаандаа бид хэрхэн хамтран ажиллаж, ямар үр дүнд хүрч, өсөлт, хөгжил цэцэглэлтийг түргэн авчрах боломжтойг энэхүү Өмнөд Солонгосын жишээ бэлээхэн харуулж байна.

“Алсын хараа-2050” баримт бичигтээ тодорхой тусгасан зорилгынхоо төлөө ирэх 30 жилийн дотор яг ийм хөгжил дэвшлийг Монгол авчрах боломжтой гэдэгт шалтгаан, цаашлаад бүрэн итгэл бидэнд байна.

Энэхүү “Алсын хараа-2050” ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг тул бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар өөрийн хувь нэмрийг оруулах ёстой.

Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна.

Аялал жуулчлалын салбар – Монголчууд өөрсдийн давуу талаа ашиглаж байгаа – халуун дулаан, найрсаг ард түмэн, үнэхээр гоо үзэсгэлэнтэй байгаль, өвөрмөц соёлтой. Засгийн газар энэ давуу талаа сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Улаанбаатарын шинэ нисэх буудал дээр буухад визгүйгээр Монголд нэвтрэх боломжтой болсон орнуудын жагсаалтыг харахад сайхан байлаа. Миний сонссоноор 58 орны иргэд Монгол руу визгүй, хялбар зорчих боломжтой болсон юм байна. Энэ зун л гэхэд Улаанбаатар руу долоо хоногт хоёр талдаа 100 гаруй нислэг хийгдэж байгаа гэж дуулсан.

Хөдөө аж ахуй – Монголын ноолуур тансаг зэрэглэлийн, нэмүү өртөг шингэсэн дэлхийд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэдийн болжээ. Монголын махны чанар, сүү, сүүн бүтээгдэхүүн байгальд ээлтэй хөдөө аж ахуйн ухаалаг бизнесийн орон зай тэлж буй энэ үед экспортын өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх боломж дүүрэн байна.

Дэлхий дахинд явагдаж буй таван гол хүчийг эргэн сануулахад:

  • Технологийн өөрчлөлт – Монголын технологийн салбар, бүтээлч үйлчилгээ дэх сүүлийн жилүүдэд гарч буй амжилт Улаанбаатар хотыг олон улсын бизнесийн үйлчилгээний нэг чухал төв болгох бааз суурийг бий болгох бүрэн боломж байна. Рио Тинто ч энэ боломжийг хараад өдгөө ашиглаж байгаа.
  • Эрчим хүчний шилжилт – Монгол Улс 5.4 тераватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар Азийн хөгжлийн банк тайландаа дурджээ. Энэ бол АНУ 2022 онд хэрэглэсэн цахилгааны хэмжээнээс илүү гэсэн үг. Ийм учраас Монгол Улс нар болон салхины эрчим хүчний экспортоор дэлхийд тэргүүлэгч орон болох боломж бүрэн дүүрэн байна гэж би харж байна.

Дүгнээд хэлэхэд, Монгол орны ирээдүй үнэхээр гэгээлэг байна. Рио Тинто энэ орны ирээдүйд итгэж хөрөнгө оруулалт хийсэндээ бахархалтай байна.

Рио Тинтод орсны дараахан би миний өмнө ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Сэр Боб Вильсонтой уулзаж ярилцаж санаа бодлыг нь сонссон юм. Уулзаад Вильсон гуай надад хэлээд байх зүйлгүй гэж хэлснээ төд удалгүй, “аан нэг зүйл саналаа” гэсэн. Тэрбээр надад хандан “Рио Тинто бол урт хугацаанд ажилладаг компани – дор хаяж 20-30 жилээр нь цаг хугацааг харж төлөвлөдөг компани юм шүү” гэсэн юм.

“Алсын хараа 2050” баримт бичиг, Засгийн газрын өмнөө тавьсан өндөр зорилгын цар хүрээг харахад Оюу Толгойтой ганзага хоршин зам зурайлгахаар байгаад баяртай байна. Уртын замд манай хөрөнгө оруулалт чухал тулгуур байх нь ойлгомжтой. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд 6 сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс.

Рио Тинто Монголд хүлээлтэд үргэлж хүрч ажиллаж чадаагүй гэдгийг миний бие бүрэн ойлгож, ухамсарлаж байгаа. Бид үүнээсээ суралцаж ажлаа улам сайжруулахын төлөө хичээн ажиллана. Бид өнөөдөр урт хугацаанд хөрөнгө оруулах ёстой. Туулах зам маань үргэлж дардан байхгүй ч бидний түншлэл нэгдсэн нэг хүсэл тэмүүлэл, алсын хараанд тулгуурласан бол энэ зам тийм ч хэцүү биш гэдгийг хэлмээр байна.

Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Шадар сайд аа, бидний түншлэлийг бэхжүүлэх үйлсэд Засгийн газраас манай багтай хамтран ажиллаж оруулсан хувь нэмэрт Тань талархаж байгааг минь хүлээн авна уу.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд Монголын эрмэг хүсэл тэмүүллийг бодит ажил хэрэг болгох үйлсэд хувь нэмрээ заавал оруулах ёстой. Монгол Улс зорьсон зорилтдоо хүрэхэд бид урт хугацааны хариуцлага хүлээсэн компанийн хувьд хувь нэмрээ оруулах бүрэн дүүрэн хүсэл эрмэлзэлтэй байна.

Монголыг урагш цахилж буй улс гэдгийг бататгах гайхам боломж, чадварлаг боловсон хүчин, хүссэндээ хүрэх эрмэлзлийг энэ сайхан улсад удаан хугацаанд ажиллах хүсэлтэй компани бүр олж харна гэдэгт бат итгэлтэй байна.

Бид бүхний хамтдаа бүтээх сайхан ирээдүй Монголын өмнө байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *