Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагнаж, баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Монгол түмний өвөг дээдэс Бурхан Халдун хайрханд бууриа зассан тэр цагаас хойш энэ нутагт Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрний үе үеийн ихэс дээдэс, хаадыг хаан өргөмжлөх ёслол үйлдэн, өндөр төр, өргөн түмнийхээ ариун гал голомтыг хөгжөөн бадрааж ирсэн түүхтэй. Тиймээс Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртай” гэдгийг онцлон дурдлаа.