“Дархан, Эрдэнэтийн замд 65 км/цаг хурдтай явах стандарттай”
Аялал зугаалгын сар болж байгаатай холбогдуулан иргэд хөдөө, орон нутаг руу ихээхэн зорчих болсон. Тэгвэл Монгол Улсын хувьд автозамын нөхцөл, стандарт нь автомашин цагт 80 км хурдлахад тохирдоггүйгээс осол аваар ихээр гардаг. Ялангуяа, Дархан, Эрдэнэтийн автозам хоёр эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй автозамын хувьд аюулгүй явах хурд нь эгнээний өргөнөөс хамаарч цагт 65 км-ээс илүү хурдтай явж болдоггүй байна.
Замын хөдөлгөөнд оролцогчдын төлөө ТББ-ын тэргүүн Р.Мөнхбаяр:
-Монгол Улс 1968 онд Венийн конвенцид нэгдсэн. Тэр хэмжээгээрээ Монгол Улсын автозамын дүрмийн заалт, хурдны хязгаартай холбоотой асуудлууд яригдсан. Автозам дээр цагт 80 км хурдтай явбал зам тээврийн осол гарах эрсдэлтэй. Жолооч нар цагт 80 ба түүнээс дээш хурдтай явах боломжтой юу? гэх зүйлийг асуудаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цагт 70 км хурдтай явах саналыг тавьсан. Хурдыг яагаад буулгах ёстой вэ гэвэл эгнээний өргөн замын нөхцөлөө бодолцох ёстой байдаг. Түүнчлэн техникийн нөхцөлөө бодолцоно.
Мөн цагт 100 км цагийн хурдтай явж байгаа жолооч хөгжмөө асаах, ус уух, бохь зажлах гэх мэт янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ үйлдүүдийг хийхэд анхаарал сарниснаас автомашин бага зэрэг хазайлт өгдөг. Хэрэв тухайн автозам хангалттай өргөн байж чадвал цагт 100 км цагийн хурдтай явахад ямар ч аюул, осол гарахгүй.
Тэр тусмаа хол замд явж байгаа жолоочдын хувьд хэдэн цаг хөдөлгөөнгүй явна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийдэг. Автомашин хазайлт өгсөн ч эгнээндээ л байх ёстой. Гэтэл автомашины хурд болон автозамын өргөнөөс хамаараад хазайлт өгөхөд эгнээ өргөн биш бол эсрэг урсгал руу орж осол аваар гаргах, жолоодлого алдах гэх мэт эрсдэлтэй байдлыг үүсгэдэг. Дархан, Эрдэнэтийн автозамаар явахдаа цагт 65 км хурдтай явбал аюулгүй. Энэ бол тухайн автозамаар зорчих стандарт” гэдгийг тайлбарлалаа.
Зөвхөн хурдны зам дээр хурдтай явах ёстой бөгөөд осол гаргаж байгаа хүмүүсийн 80 хувь нь хотын хоорондын жолооч нар байдаг байна. Жолооч нар автозамын нөхцлөө мэдэхгүйн улмаас үерийн усаар орж ирсэн хайрга, шороо нь зам дээр таарахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байх нь аюул дагуулдаг байна.