Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хотын даргад үер усны гамшигт өртсөн иргэдэд зориулсан Сөүл хотын иргэдийн чин сэтгэлийн хандивыг гардуулсан юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар талархаж буйгаа уламжилж, мөн БНСУ даяар их хэмжээний үер бууж, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, улс орны эдийн засаг болон ард иргэдэд гарз хохирол тохиосонд эмгэнэл илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тухайлбал, байгалийн гамшгийг даван туулах, урьдчилан сэргийлэх, тэдгээрт зохицох техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, чадавхыг бэхжүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах, хотын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн их багтаамжийн тээврийн хэрэгслийн техникийн оновчтой шийдэл, нийтийн тээврийн цогц хөгжүүлэлт, оновчтой сүлжээ төлөвлөлтийн шийдлийг гаргах хамтарсан судалгаа хийх, энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулж соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа.
Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги хамтын ажиллагааг бүхий талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр буюу хот тохижилт, инженерийн байгууламж, Ус сувгийн удирдах газар болон Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулахад хамтран ажиллахаар болсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС