Аадар борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 57 сумыг эрчим хүчинд холбожээ
Гэмтлийг хугацаанаас нь өмнө бүрэн засаж, цахилгаан эрчим хүчинд холбожээ.
Архангай аймгийн Хашаат сумын нутгаар наймдугаар сарын 13-ны өдрийн 22.40 цагаас 23.10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 5 ширхэг төмөр бетон хугарсан. Үүний улмаас 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм.
Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд гүйцэтгэжээ.
ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цаг ажиллаж, гэмтлийг засварлажээ.