Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-V сард ₮259.9 тэрбумын алдагдалтай гарав

0
чуулган99

Г.Занданшатар: Төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн

Улсын нэгдсэн төсвийн алдагдал оны эхний таван сарын дүнгээр 259.9 тэрбум төгрөг болсон байна. Орлого 11.3 хувиар буурч, зарлага нэг их наяд төгрөгөөр өссөн нь төсвийн алдагдал нэмэгдэх гол үзүүлэлт боллоо.

Оны эхний таван сард төсвийн орлого 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурсан байна. Харин зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт дүн 11 их наяд төгрөг хүрч, 9.2 хувиар өсжээ.

Тайлант хугацаанд татварын орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 67 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал 20 хувиар, урсгал шилжүүлэг 17 хувиар тус тус өссөн нь нөлөөлснийг тайлангаас харж болохоор байна.

Шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ батлуулаад нэн яаралтай төсөвт тодотгол хийхээр холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байв. Тэрбээр “Төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн”-ийг тодотгосон юм.

Харин Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан “Нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд хүрэх зэрэг тохиолдолд төсөвт тодотгол хийх хуулийн заалтууд бий. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгаа. Энэ хүрээнд хэмнэлтийн тодотгол хийхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлсэн. Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн тавдугаар сарын 31-нээс өмнө худалдан авах ажиллагаа нь хийгдээгүй төслүүдийн 234 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцохоор байгаа”-г хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Нүүрсний үнэ буурснаас үүдэн энэ оны эцэс гэхэд төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал үүсэх эрсдэл өндөр байгааг эдийн засагчид онцолж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *