Энэ зун улсын хэмжээнд 4250 толгой мал үерийн улмаас хорогджээ
Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл өглөө. Он гарсаар нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд 9, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд 4 айл автаж, 202 иргэний амийг авран хамгаалжээ.Өнгөрсөн саруудад болсон үерт 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4250 толгой мал хорогдсон бол автозам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуй нэгж байгууллага, иргэний барилга, ажлын байр, тариалангийн талбай усанд автсан байна. Тухайлбал, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас 25 удаагийн эвдрэл, гэмтэл гарсныг сэргээн зассан аж.
2023 оны 7 дугаар сард үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага 686 аж ахуйн нэгж байгууллага, 1396 айл өрхөд хүргүүлсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 2500 орчим айл өрхөд дүүргийн газрын албаар дамжуулан нүүх мэдэгдэл хүргүүлжээ.
Он гарсаар тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Иймд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэх, тус амьтны дотор эрхтэн, махыг хэрэглэх, гэртээ хадгалах, хот, суурин газарт тээвэрлэж оруулах, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг УОК болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.