Шүүхрүү шилжсэн “нүүрсний хэрэг” яагаад буцаан татагдав
Нүүрсний гэх хэргээс үүдэж монголчууд нүсэр жагсаал хийж, засгийн газрын ордон руу хүч түрэн дайрч, хүйтэн цемент дээр нүцгэн сууж, -35 хэмийн хүйтэнд 10 гаруй хонож байсан цаг саяхан. Авлига, албан тушаалтнуудын зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн, нөлөөлсөн Монголчуудын боломжыг хулгайлсан, эх орны эсрэг энэ гэмт хэрэг одоог хүртэл шийдэгдэлгүй, сунжирсаар явна. Магадгүй нүүрсний хулгай гэх нэрнээс бусдаар яллагдагч, холбогдогсдынх нь нэрс жил тойрсон энэ хугацаанд эхнээсээ мартагдах шахам болж байна.
Энэ сарын 1-нд Нийслэлийн Прокурорын газраас “нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн ч сэм буцаан татагдав. Тодруулбал, яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргасан учир Улсын Ерөнхий Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэ гээд буцаан татсан байдаг.
Ийнхүү шүүхэд шилжиж явсан хэрэг яллагдагчид нь гомдоод байгаа учраас гомдолгүй болгоотох гээд Улсын Ерөнхий Прокуророос буцаан татсан нь өмнө нэрс нь зарлагдаж байснаас ч илүү улс төрийн “том загас”-нууд нүүрсний гэх хэргийн торонд орооцолдсон бололтой. Гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар буцаан татагдсан учраас тодорхой хугацаа алга. Гомдлоо бид шийдүүлнэ нэрийдлээр нүүрсний хулгайчид “торноос” хэрхэн мултрах арга саам хайж буй бололтой. Ямар ч байсан шүүхэд шилжихээр ирээд байсан Нүүрсний хэрэг буцаан татагдаад 20 хоночихлоо.Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсод хэрхэвНүүрсний хулгайн хэрэгт анх 17 улс төрч, төрийн өмчит компанийн удирдлага зэрэг нийт 35 хүн яллагдагчаар татагдаж байв. Харин өнөөдрийн байдлаар энэ хэргээс болж 2 УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. 1 гишүүн өөрөө бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д ээжийгээ асарч байгаа нэрийдлээр нэлээдгүй хугацааг өнгөрөөгөөд ирсэн. Тэгвэл яллагдагчаар татагдаж байсан УИХ-ын гишүүдээс өнөөдөр ганцхан Т.Аюурсайханы хэрэг л шүүхэд шилжлээ. Мөн ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хэрэг шүүхэд шилжсэн. Харин гэрээсээ 7 тэрбум төгрөгтэй баригдсан гэх дуулианы эзэн С.Батдөлд 12 жилийн хорих ял оноосноос өөрөөр нүүрсний хулгайн хэрэг үйлдэгсэд эрх чөлөөтэй явна.