Б.Батцэцэг: Гурван жил гаруйн дараа Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдлээ
Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд зосгоод байсан Монгол-Хятадын хоорондох төмөр замын зорчигч тээвэр буюу Замын-Үүд-эрээний боомтын төмөр замын тээвэр энэ сарын 25-наас нээгдэхээр болсон байна. Манай улсын гадаад харилцааны яамнаас урд хөрштэй яриа хэлэлцээр хийсний үр дүнд Хятадын тал бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо. Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгдлээ.
Үүний дагуу Хятадын тал 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр /Баасан гараг/ зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна..
Түүнчлэн Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүслээ. Ийнхүү гурван жил гараны дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдээд байна.