” Намрын чуулганаар 327 хууль баталсан ч ганцыг л иргэд анзаарлаа”
Хуулийн төсөлд иргэлийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийн үндсэн ажлаа хийхийг шаардаж, “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс УИХ-аас иргэдийн үндсэн оролцоог бий болгодоггүй, Цагаан сарын баяр дөхсөн энэ үед бэлэг тарааж явахаас илүүтэй хуулийн шинэчлэл бүрдээ иргэдийн оролцоог хөгжүүлэх, ярилцах, хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм.
Мөн иргэдтэй хуулийн шинэчлэлийн талаар ярилцдаггүй, хэлэлцдэггүй, тэдний оролцоог хангадаггүйг дараах гурван үзүүлэлтээс харах боломжтой гэв. Үүнд,
- Авлигын индексээр 116
- Ардчиллын индексээр 176-гаас 62 дугаар
- Аз жаргалын индексээр 146-гаас 69 дүгээр байрт жагсаж байгааг дурдсан юм.
Тэдний төлөөлөл “Намрын чуулган ажлын 75 хоног хуралдаж тарахдаа бие дааж 18 хууль, 271 хуулийн шинэчлэл гэх мэтээр нийт 327 хуулийг баталсан. Гэтэл ердөө ганцхан хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болох Н.Учралын хуульд л иргэдийн саналыг авч хэлэлцсэн. Цаана нь байгаа 326 хуульд иргэдийн оролцоог хангах нь чухал. Үнэхээр хэлэлцсэн бол дээрх хуульд хэчнээн иргэд саналаа өгч, хэлэлцсэн байна гэдгийг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Нүүрсний хулгай, ЖДҮ гарч буй гол шалтгаан нь иргэдтэй хуулиа хэлэлцэхгүй байгаа явдал” гэлээ.
Үргэлжлүүлэн “Иргэд хууль мэдэхгүй байх эрхтэй. Гэсэн хэдий ч иргэдийн төлөөлөл болж ажиллаж байгаа учраас иргэддээ тэр мэдэхгүй байгаа хуулийг нь мэдүүлэх ёстой юм. Парламентийн ардчиллаа улстөрчид хийхгүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.
Мэдээллийнхээ үеэр Монгол Улсын их хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах заалтад,
- 39.1-д ард түмэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно.
- 39.2-д саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд хэлэлцэнэ
- 39.2.1-д тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол
- 39.2.2-д Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу
- 39.2.3-д хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол хэлэлцэнэ гэж заасныг дурдсан юм.
Бусад улс оронд парламент нь иргэдийн араас явдаг бол манай улсын хувьд иргэд парламентын араас явдаг гэдгийг онцоллоо. Мөн парламент хэт хаалттай, мэдээллээ олон нийтэд хүргэдэггүй, иргэдийн төлөөлөл гэдгээ ухамсарлахгүй байгаагаас гадна ард түмний улс төрийн оролцоог мохоож байна гэдгийг дурдсан юм.