Н.Мөнхнасан: Цементний үнэ орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа мэт бас л логикгүй синсаци зориудаар тарааж байна
Монгол улсад, тэр дундаа Улаанбаатар хотод орон сууцны үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үндэсний статистикийн мэдээлснээр Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.6, өмнөх сарынхаас 0.7 хувиар өссөн байна. Нарийвчилбал, зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.96 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 3.94 сая төгрөг байжээ.
Энэ мэт байдлаар жил бүр орон сууцны үнэ тогтмол өсч байгаа гол шалтгаан нь барилгын материал тэр дундаа цемент, арматурын үнийн өсөлт байдаг. Тэгвэл энэ талаар Монполимент группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан ийнхүү тайлбарлажээ.
Монполимент группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан: “Барилгын үнэд цементийн үнийн нөлөө хамгийн ихдээ 10 хувь байдаг. Өөрөөр хэлбэл цементний үнэ 10 хувь өсвөл барилгын үнэ 1 хувиар л нэмэгдэнэ. Нэгж барилгын өртөгт хамгийн их хувийг арматур эзэлдэг ба өнөөдөр орон сууцны үнэ зөвхөн цементний үнээс шалтгаалахгүй бусад олон зүйлсээс шалтгаалж м2 үнэ тодорхойлогддог. Гэтэл ганц цементний үнэ орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа мэт бас л логикгүй сэнсац зориудаар тарааж байна.
Цемент үйлдвэрлэлд гол түүхий эд болох клинкерийг боловсруулахад их хэмжээний тусгай чанарын нүүрс ордог. Гэтэл 2014 онд нэг тонн нүүрс 65,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2023 онд даруй 408 хувиар өсжээ. Эдгээрээс гадна түүхий эдийн авто тээврийн үнэ (даацын хязгаартай холбоотойгоор) 309 хувиар нэмэгдсэн. Манай дотоодын үйлдвэрүүдийн цементний үнэ нэг тонн нь 344,000-400,000 төгрөг. Харин Эрээний цемент 260-350 юань, тээвэр ороод Улаанбаатар хотод 330,000-350,000 орчим зарагдаж байна.
Хамгийн гол нь чанарын маш том ялгаа байдаг. Барилга бүтээн байгуулалтууд хүний амь нас аюулгүй байдалтай шууд холбоотой учраас түүхий эдийн чанар заавал яригдах ёстой. Цементийг хамгийн ихдээ 6 сар хадгалах горимтой бөгөөд үүнээс удаан хадгалсан цементийг чанарын шаардлага хангахгүй гэж үздэг. Харин импортын цемент хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанарын хувьд дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэлбэлзэл их байдаг. Эцсийн дүндээ хэрэглэгчийн сонголт зах зээлд нээлттэй байна.
Үндэсний хэмжээнд аж үйлдвэржилтийн сэргэлт хийнэ гэдэг нэг жилийн дотор болчихдог зүйл биш. Бид алсдаа аливаа стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг байх нь ямар чухал гэдгийг ковидийн хил хаалттай үед харцгаасан. Үндэсний үйлдвэрүүдийн ачаар барилгын салбар зогсолтгүй ажиллаж байна. Дотоодын цементний үйлдвэрүүд багаар бодоход 6000 ажлын байрыг бий болгож нэг үйлдвэр л гэхэд 200 гаруй ханган нийлүүлэгч үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд татвар төлөлтөөрөө ТОП-100 ААН-д багтдаг. Эдгээр үйлдвэрүүд төр засгаас ямар нэгэн дэмжлэг аваагүй. Ханшийн хэд дахин нугарсан алдагдалтай зээлийг маш өндөр барьцаа, шалгуураар олон улсын төслийн санхүүжилтийн багахан хэсэгт нь л аваад хэд нугалж буцааж төлсөн байдаг.
Цаашид үндэсний үйлдвэрүүд улам олон бий болж хөл дээрээ босоод ирвэл эдийн засаг маань алсдаа өрсөлдөх чадвартай болж үйлдвэрлэлийн өртөг буурах боломж бүрэлдэнэ.” гэв.