Б.Даваадалай: Малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтолцоог нэн яаралтай сайжруулах шаардлагатай

0

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах, 5 жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс болох гэсэн хоёр томоохон зорилтыг тавьсан. Энэ хүрээнд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүнс үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн билээ. Хөнгөлөлттэй зээлийн явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас тодрууллаа.

-“Хүнсний хувьсгал” аяны хүрээнд хийдэж буй ажлын явц болон хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбоотой төрийн гол бодлого шийдвэрүүд гарсан. Тухайлбал, хөнгөлөлттэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгох хамгийн гол асуудлыг шийдвэрлэсэн. Улмаар гуравдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаад, төрөөс шалтгаалах гол бодлого, шийдвэрүүд гарч, Хүнсний хувьсгал бодитоор бүрэн хэрэгжиж эхэлж байгааг танилцуулсан. Ийнхүү дөрөвдүгээр сараас эхлээд зээл олгож эхэлсэн. 2023 оны тухайд, нийт 135 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт төсөвт суулгаж, энэ хүүгийн хөнгөлөлтийг ашиглаад, энэ онд 982 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэсэн билээ. Зээлийн тухайд, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч зээлдэгчийн зээлийн хүүгийн 13 орчим хувийг Засгийн газраас төлж байгаа гэсэн үг. Зээлийн эх үүсвэрийг арилжааны банк гаргаж байгаа. Ингээд 2023 онд нийт 982 тэрбум төгрөгийн санхүүжилтийг анх баталсан ч сүүлд 350 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг банкнуудтай ярьж шийдвэрлэсэн. Ингээд нэмэгдсэн дүнгээрээ 1.3 их наяд төгрөгийн зээлийг энэ онд олгохоор ажиллаж байна.

-Дөрөвдүгээр сараас хойш хөнгөлөлттэй зээл олгож байна гэлээ. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэчнээн иргэн, аж ахуйн нэгжид ямар хэмжээний зээл олгосон бэ?

-Зээл олгосон дөрвөн сарын хугацаанд нийт 1688 зээлдэгчид 448 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн одоогоор 452 зээлдэгчийн 326 тэрбум төгрөгийн зээлүүд банкнууд дээр судлагдаж байна. Одоогоор олгогдсон зээлийн 60 орчим хувь нь эргэлтийн хөрөнгийн, 40 хувь нь хөрөнгө оруулалтынх байна. Нийт эргэлтийн хөрөнгийн зээлийн багагүй хувь нь хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд болон газар тариалангийн үйлдвэрүүдэд олгогдсон байна.

-Зээл олголт бүсчлэлийн хувьд ямар байгаа вэ?

-Нийт зээлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод олгогдсон. Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 303 аж ахуйн нэгжид зээл олгосон бол үлдсэн хувь нь орон нутгийн ААН-үүдэд олгожээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар орон нутгийн нийт 1385 зээлдэгчид энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Үүний 70 орчим хувь нь Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий гэсэн 6 аймагт олгогдсон байна. Эдгээр аймгууд нь газар тариаланд суурилсан бөгөөд эрчимжсэн мал аж ахуйг бусад аймгуудтайгаа харьцуулахад түлхүү хөгжүүлж байгаа аймгууд тул зээл олголт түлхүү гарсан болов уу гэж бодож байна. Түүнчлэн манай улсын хүнсний гол үйлдвэрүүд ч дээрх байршлуудад байрладаг. Гэхдээ бусад аймгуудад мөн тэгш, хүртээмжтэй зээл олголтыг явуулахыг бодлогын хувьд анхаарч ажиллаж байна.

-Цаашид юун дээр илүү анхаарч, чамбайруулахаар төлөвлөж байна вэ?

-Мал аж ахуйн салбарын зээлийг эрчимжүүлж, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг сайжруулах тал дээр цаашид онцгой анхаарах ёстой. Хөдөө аж ахуйн салбарын 20 хувь нь газар тариалан, 80 орчим хувь нь мал аж ахуй байдаг. Одоогоор нийт мал аж ахуйн салбарын ердөө таван хувийг эрчимжсэн мал аж ахуй эзэлж байна. Үлдсэн хувь нь бэлчээрийн мал аж ахуй. Тэгэхээр хүнсний хувьсгалын хүрээнд бидний нэг зорьж буй зүйл бол мал аж ахуйн чиглэл рүү түлхүү анхаарах ёстой. Улмаар малаа эрүүлжүүлэх, нүүдлийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай зөв хослуулах нь туйлын чухал, тулгамдсан асуудал юм. Ялангуяа, малчдын боловсруулж буй анхан шатны бүтээгдэхүүнийг эцсийн борлуулалтад аваачих нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ, шат дамжлаг болгоныг зөв тогтолцоо руу оруулах чиглэлд онцгой анхаарч байна.

Одоогоор мал аж ахуйн салбарын зээл бусад чиглэлүүдтэй харьцуулахад бага зэрэг удаашралтай байна. Гэхдээ цаашид Засгийн газрын яамд болон арилжааны банкнуудтай хамтраад мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл тал дээр онцгой анхаарна. Мөн хүүхдийн сүү, хуурай сүү зэрэг сүүний аж ахуйн чиглэлд зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, тэжээлийн үйлдвэр. Эрчимжсэн мал аж ахуйн гол асуудал нь тэжээл байдаг. Үүн рүү хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэрхэн зөв оруулах вэ гэдэг нэн чухал асуудал. Мөн малчдын бүтээмжийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэ хүргэх, малчдын гар дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтолцоог сайжруулахад онцгой анхаарна.

-Дөрвөн сарын хугацаанд 450 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдсон байгаа нь чамлахааргүй үр дүн шиг санагдлаа ?

-Тоймлоод харахад, чамлахааргүй үр дүн гарч байна. Дөрвөн сарын хугацаанд 450 тэрбум төгрөгийн зээл олгогдсон гэхээр сард дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгогдож байна гэсэн үг. Гэхдээ салбаруудаар нь задлаад харахаар анхаарах ёстой асуудал бий.

-Дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор хамгаалж дэмжих тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал ямар шатандаа явна ?

-Хүнсний хувьсгалын хүрээнд, хөндөж байгаа асуудлын нэг бол дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах юм. Үүний гол хөшүүрэг нь татварын бодлого. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газар, харьяа яамд саналуудаа гарган хоорондоо зөвлөлдөж байна. Удахгүй Засгийн газар шийдэл гаргах болов уу. Татварын асуудал чухал ч бид маш олон талын өнцгөөс нь анхаарч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, худалдааны татвар гэдэг бол олон улсын худалдааны гэрээ, хэлцэлд орчихсон асуудал байдаг. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж бий. Тиймээс Монгол Улс гэрээ, хэлцлээ гэнэт, шууд зөрчиж болохгүй. Тэгэхээр татварын өөрчлөлтийг хэрхэн, яаж зөв хийх вэ гэдэг дээр тун нухацтай хандах ёстой.

Хоёрдугаарт, дотоодын хэрэгцээ, дотоодын үйлдвэрлэлээ татварын бодлогоор хамгаалах хэрэгтэй ч хэрэв богино хугацаанд огцом татвар нэмбэл энэ нь дотоодод зохиомол үнийн хөөргөдөл үүсгэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хэрэв бид дотоодоосоо богино хугацаанд хангах боломжгүй бүтээгдэхүүн дээр татвараа огцом нэмэгдүүлчихвэл үнийн хөөргөдөл үүснэ. Тухайлбал, цагаан будаа, элсэн чихрийн татварыг огцом нэмэгдүүлчихвэл Монгол Улс уг бүтээгдэхүүнүүдийг тарьж, ургуулж боломж багатай. Тиймээс хомсдол үүсэж, үнэ хөөрөгдөнө. Тэгэхээр иргэдийн нуруун дээр ачаа болохгүйгээр үйлдвэрээ хамгаалах зохист балансыг барих ёстой. Үүний тулд ямар хэмжээ, ямар шат дараагаар, хэдий хугацаанд зөв байдлаар татвар өөрчлөх вэ гэдгийг тооцоолох нь маш чухал. Гэхдээ Төр засаг дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлээр татварын өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр зарчмын байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *