Мотоциклтой хүн экскаватор мөргөж, хавчуулагдан нас баржээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, автозамын уулзвар, замын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, хавчуулагдсан ноцтой осол гарчээ. Онцгой байдлын газарт экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг /2023.08.25/ 02:45 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэний “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, 25 настай, эрэгтэй экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байжээ.
Албаныхан “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.