МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА ХАНГИ-МАНДАЛ БООМТОД АЖИЛЛАВ
Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын хилийн Ханги боомт болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муу мянганы холбоот хошууны нутаг дэвсгэр дэх Мандал боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ханги боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ олон улсын авто тээврийн С зөвшөөрөл авах үйл явцын мэдээллийг сонсож, Ханги-Мандал төмөр зам болон ухаалаг терминалын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь биечлэн танилцав. Цар тахлын үед хилийн тэг цэг дээр ачаа солилцдог байсныг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан хятадын талаас олон улсын авто тээврийн С зөвшөөрлийг манай талд олгож буй бөгөөд одоогийн байдлаар 420 ачаа тээвэрлэх автомашин С зөвшөөрлөө аваад байгааг Авто тээврийн хэрэгслийн Улсын байцаагч О.Баярсайхан мэдэгдсэн юм. Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга энэ үеэр С зөвшөөрлийг авахад манай талаас шалтгаалах бүх үйл явцыг түргэтгэж тус боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоог ойрын хугацаанд 600-д хүргэж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо. Мөн тэрбээр Хятад, Монголын Хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны тавдугаар хуралдаанаар Ханги-Мандал боомтоор химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг дэмжсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Үүний дараа Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид Мандал боомтын үйл ажиллагаа, тус боомтын төмөр замын өртөө, логистикийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр Мандал боомтын удирдлагуудтай уулзалт хийж, Ханги-Мандал боомтын төмөр замын боомтын асуудал, ойрын хугацаанд зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Манай улсын хувьд Замын-Үүд-Эрээний боомтоор химийн болон аюултай ачааг нэвтрүүлж байсан бөгөөд БНХАУ-ын зүгээс зорчигчийн хөдөлгөөн ихтэй боомтоор химийн болон аюултай ачааг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Иймд Ханги-Мандал боомтоор эдгээр төрлийн барааг нэвтрүүлэх нь уул уурхай, газар тариалан зэрэг салбарын гол түүхий эдийг үнийн өсөлтөөс хамгаалах, найдвартай ханган нийлүүлэлтийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Дээрх боомтыг хөгжүүлэхдээ ухаалаг терминалыг байгуулан AGV жолоочгүй хил дамнасан тээврийн олон төрөлт тээврийн төсөл хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү талууд Ханги-Мандал боомтыг зэрэгцүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хоёр талын хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэлээ.