Хотын стандартыг батлах, хэрэгжилтийг зохион байгуулахаар журмын төсөл боловсруулж байна
Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөл бүрдүүлсэн юм. Улаанбаатар хот нийт 15 бүлэг 52 хотын стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Цаашид хотын стандарт нэмэгдэхийн хэрээр нийслэл дэх стандартчиллын тогтолцоог хөгжүүлэх, хотын стандартыг боловсруулж батлуулах, мөрдүүлэх харилцааг зохицуулсан бодлогын баримт бичиг шаардлагатай. Иймээс хотын стандартын үндсэн харилцааг зохицуулах Хотын стандартыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамын төслийг боловсруулжээ. Тус журам нь 6 бүлэг, 21 зүйл, 95 заалттай аж.
Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Журмын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлагыг тогтоох, харилцан уялдаа бий болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоог хангаснаар хотын стандарт, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар сайжирч, байгууллагуудын оролцоо, чиг үүрэг тодорхой болно. Мөн уялдаа холбоо сайжирч, стандартын хэрэгжилт бодит биеллээ олж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэхэд эерэг үр нөлөөтэй”-г онцолж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.