“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийг ирэх онд барина

0
  • Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барина. 
  • Тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өнгөрсөн оны есдүгээр сард барьж дуусгасан. Манай улсын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг нийт 1.3 тэрбум ам.доллараар барьсан юм.

Энэ төмөр зам уулзваргүй зам тул дуу чимээгүй, түчигнэж тачигнахгүй, галт тэрэг өндөр хурдаар аялах боломжтой, зам төмрийг солих шаардлагагүй. Мөн 100 хувь монгол инженерүүдийн гараар бүтсэн гэдгээрээ онцлог.

Гэвч энэ зам одоогоор мухар буюу урд хөршийн нарийн царигийн төмөр замтай холбогдоогүй. Иймд энэ төмөр замаар тээвэрлэсэн ачааг Гашуунсухайт боомтод хүргээд, цааш нь гурван км авто замаар тээвэрлэж, хил давуулж байна. Угаас ачаалал ихтэй, нүүрс, зэс ачсан ачааны машины дараалалд дарагдсан Гашуунсухайт боомтын ачааллыг улам нэмэгдсэн.

Хил дамнасан төмөр замын суурь бүтцийн ТЭЗҮ-г БНХАУ-ын компани боловсруулж байна. Техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнгөрсөн тавдугаар сарын 26-нд  байгуулжээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарчээ. Гэрээний дагуу уг ажлыг энэ онд багтаан дуусгаж, барилга угсралтыг 2024 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ.      

Олон жил гацсан ТТ-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн нарийн царигийн замтай аль болох эрт холбовол тэр хэрээр манай экспортын орлого, төгрөгийн ханш гээд олон зүйлд эерэг нөлөөтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *