“Таван богд”-ийн Ц.Баатарсайхан аялал жуулчлалыг “атгана”

0

Аялал жуулчлалын тухай хуулийг 25 жилийн дараа 2023 оны тавдугаар сарын 5-нд баталсан. Хуулийн нэг онцлох заалт нь энэ салбарт шинээр орж ирэх гэж байгаа гарааны компаниудыг дэмжиж, тусгай зөвшөөрөл шаардахаа больсон. Мөн төртэй хамтран ажиллах аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог байгуулах тухай заалт юм. Аялал жуулчлалын салбар олон холбоодтой бөгөөд хууль батлагдсанаар бүх холбоод нэгдэн, нэг  том холбоо байгуулж ажиллах. Тэгж байж аялал жуулчлалын салбарын бодлогыг төртэй хамтран зангидаж, энэ салбарыг хөгжүүлнэ гэж хууль санаачлагчид онцолж, энэ заалтыг тусгасан билээ. Тэгвэл энэ холбооны тэргүүнээр “Таван богд” группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг томилсон сурагтай. Түүнийг мэргэжлийн холбооны тэргүүнээр сонгогдсонд аялал жуулчлалын салбарын зарим төлөөлөл дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.

Учир нь аялал жуулчлалын брэнд “Жуулчин” компанийг авчихаад, одоо мэргэжлийн холбоог нь “атгах” гэж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Нөгөө хэсэг нь аялал жуулчлалын салбарынхан бүх нийтийн хурлаа ирэх аравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд хийхээр товлосон. Тэр үед мэргэжлийн холбооны тэргүүнээр өөр хүнийг сонгох болно” гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Ерөнхийлөгч асан Х.Батулга 2022 онд АНУ-д айлчлал хийх үеэрээ Ц.Баатарсайханд хандан хэлэхдээ “Чи өнөөдөр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж байна. Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг чи хийж байна.  Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр чи ганцаараа монополь шахуу бизнес хийж байгаа. Одоо АНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. Утаагүй зуух нийлүүлэх тендерийг хүртэл авчихдаг “MCS” шиг ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий хамаад бай.  Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ. Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь суллаж өгөөч ээ. Хэн  Хаан банкны эзэнтэй өрсч пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан”  гэж хэлж байсан удаатай.

Ц.Баатарсайхан нь 2021 онд Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан бөгөөд анх 1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдсэн Таван Богд компанийг үүсгэн байгуулж, Японы “FUJIFILM” корпорацийн гэрэл зураг боловсруулах лабораторийг нээн, 10 хүрэхгүй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэдэг. Харин өнөөдөр 11 мянга гаруй ажилтантай, 19 охин компани, дөрвөн хөрөнгө оруулалттай компанитай гэх. Харин энэ удаа аялал жуулчлалын салбарт гар дүрэхээр шийдсэн бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *