Илүүдэл жинтэй, цусны өндөр даралттай хүмүүсийн эрт нас барах магадлал 30 хувь илүү байгааг судалгаа харуулжээ

0

Илүүдэл жинтэй, цусны даралт өндөр, цусан дахь холестерол, саахарын хэмжээ өндөр хүмүүсийн эрт нас барах магадлал хэвийн хүмүүстэй харьцуулахад 30 хувиар илүү байгааг шинэ судалгааны тайлан харуулжээ.

Шведийн эрдэмтдийн хийсэн уг судалгааны тайланг саяхан дэлхийн зүрх судасны мэргэжилтнүүдийн хамгийн том арга хэмжээ болох Европын Кардиологийн Нийгэмлэгийн жил тутмын чуулганы үеэр танилцуулсан байна.

Өнөөдөр дэлхийн хүн амын 31 хүртэл хувь нь бодисын солилцооны синдромтой, ихэнх нь үүнийгээ мэдэхгүй явааг уг тайланд бичжээ.

Бодисын солилцооны синдром (metabolic syndrome) нь жингийн илүүдэл, цусны өндөр даралт, цусан дахь холестерол, саахарын хэмжээ өндөр байх шинж тэмдгүүдийг илэрхийлдэг анагаах ухааны нэр томьёо юм.

“Бодисын солилцооны синдром өрнөдийн орнуудын хүн амын дунд түгээмэл үзэгдэл болж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд тулгарах эрсдэлийг эртнээс хуримтлуулсаар яваагаа мэдэхгүй байна. 40-50 орчим насны хүмүүсийн нэлээд хувь нь хэвлийн таргалалттай, даралт, холестерол, саахарын хэмжээ өндөртэй ч үүнийгээ анзаарахгүй явж байна” гэж Шведийн судлаачдын ахлагч, доктор Лена Лоннберг ярьжээ.

Судалгаанд Шведийн Вастманланд мужийн 40-50 орчим насны оршин суугчдыг хамруулсан байна. Тэднийг 1990-1999 онд анх зүрх судасны шинжилгээнд хамруулж, дараа нь олон жилийн турш ажиглажээ.

Эрчүүдийн хувьд бүсэлхийн тойрог нь 102 см-ээс илүү, эмэгтэйчүүдийн хувьд 88 см-ээс илүү, аль аль хүйстний хувьд холестеролын хэмжээ 6.1mmol/l-ээс өндөр, цусны даралт 130/85 mmHg-аас өндөр, глюкозын хэмжээ 5.6 mmol/l-ээс өндөр гэсэн шалгууруудын 3-4-ийг хангаж буй хүмүүсийг бодисын солилцооны синдромтой ангилалд оруулсан байна.

Ингээд нийт оролцогчдын дотроос бодисын солилцооны синдромтой 5,084, синдромгүй 10,168 хүнийг оролцуулсан судалгааг үргэлжлүүлжээ. Оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байсан байна.

Ажиглалт эхэлснээс хойш дунджаар 27 жилийн дараа синдромтой ангиллын хүмүүсийн 1,317 нь (26 хувь), синдромгүй хүмүүсийн 1,904 (19 хувь) нь нас барсан байжээ.

Өөрөөр хэлбэл синдромтой хүмүүсийн эрт нас барах магадлал хэвийн хүмүүстэй харьцуулахад 30 хувиар өндөр гарсан байна.

Мөн зүрхний шигдээс болох магадлал 35 хувь өндөр байжээ. Хэвийн хүмүүстэй харьцуулахад дунджаар 2.3 жилийн өмнө зүрхний шигдээст өртөж байсан байна.

“Бодисын солилцооны синдромын шинж тэмдгүүд тийм өндөр хэмжээнд ажиглагдахгүй явсаар эрсдэлд хүргэдэг. Ихэнх хүмүүс цусны даралт нь багахан хэмжээний өсөлттэй олон жил явсны эцэст эмнэлгийн хяналтад шилжиж байна. Зөв хооллох, байнгын дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас хол байх зэрэг энгийн аргуудаар эрсдэлийг бууруулж болно. Хэрвээ амьдралын хэв маяг өөрчлөх нь хангалтгүй байвал эмчид хандах шаардлагатай” гэж доктор Лоннберг ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *