Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН БОДЛОГО: Хожих эсэхийг эхлүүлж байж л мэднэ

0

Саяхан дэлхийн инфльюнсерүүдийг Монголд авч ирж, эх орноо дэлхийд сурталчлуулахад 4.5 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байгаа талаар мэдээлэл цацагдахад мөнгө гаргаж байж л тэр хэрээрээ эдийн засагтаа үр өгөөж болж орж ирнэ гэдгийг олон нийт дурдаж байсан. Түүнтэй адилаар бид ямар нэгэн асуудалд тодорхой АЛХАМ хийж байж л үр дүнгээ хүртэнэ. Зориглоод эхлүүлэх л ёстой. Гэхдээ үр дүнгүй, ард түмнээ эрсдэлд оруулах алхмыг хийх нь бүү хэл түүнд зориг гаргаад ч хэрэггүй. Тэгвэл Утаанбаатарын галтай сэдвийг барьж авч, олон нийтээр буллидүүлэх болсон Б.Чойжилсүрэн сайдын коксон түлшийг туршиж үзэх шийдэл бидэнд хэрэгтэй юу, хортой юу гэдэгт хамгийн товчоор хариулт олох гээд үзье

-ТУРШИЛТ: Түүхий эдэд хагас коксын эзлэх хувь 30, 50 аль эсвэл 70 хувь ч биш. Харин хамгийн өндөр үр дүн гарсан хувилбар нь 100 хувь хагас коксоор хийсэн түлш

Одоогийн бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшийн гол түүхий эд нь мидлинг. Харин өнгөрсөн хугацаанд коксон түлшийн орцыг 30, 50, 70 хувьтай байхаар, мидлингтэй хольж туршилт хийж үзсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шинээр нэвтрүүлэх түлшнийхээ туршилтад 242 сая төгрөгийг зарцуулсан. Туршилтнаас гарсан гол үр дүн нь түлшний түүхий эдэд хагас коксын эзлэх хувь 30 ч, 50 аль эсвэл 70 хувь ч биш. Харин хамгийн өндөр үр дүн гарсан хувилбар нь 100 хувийн хагас коксоор хийсэн түлш. Туршилтнаас гарсан үр дүнгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн зургаан лабораторид шинжлүүлсэн аж. Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 51.9 хувиар, хүхэр 57.7 хувиар, үнслэг 37.2 хувиар бага байгаа нь тодорхойлогдсон аж. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлт агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлнэ гэлээ.

-“Сайжруулсан түлш хэрэглэх үед 40 хувиар буурсан агаарын бохирдлыг коксон түлш хэрэглэснээр дахин 45 хувиар бууруулна”-

Б.Чойжилсүрэн сайд яриандаа “Ер нь мидлингээр хийсэн шахмал түлш тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэхдээ Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед мидлингээр хийсэн шахмал түлшийг цаашид хэрэглээд явахад өнгөрсөн өвлөөс утааны хэмжээ буурахгүй гэдгийг олон нийтэд хэлчихсэн нь дээр болов уу гэж бодож байна” хэмээн хэлсэн юм. Ингэхдээ коксон түлшийг хэрэглэвэл утаа хоёр дахин буурна хэмээн мэдэгдсэн. Харин ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох энэ талаар хэлэхдээ “Сайжруулсан түлш хэрэглэсэн үед агаарын бохирдол Багануурын нүүрсийг хэрэглэж байх үеийнхээс 40 хувиар буурсан. Харин коксон түлшийг хэрэглэснээр 45 хувиар бууруулна гэх урьдчилсан тооцооллыг гаргаад байна” гэсэн юм.

-УРЬДЧИЛСАН ТООЦООЛОЛ: Татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэнэ-

Энд дурдах ёстой зүйл нь нэг тонн нүүрсийг үйлдвэрлэх болон борлуулах дээр гарч ирж буй алдагдалд өгч буй татаасын хэмжээ коксон нүүрс дээр хэр хэмжээний өөрчлөлтийг дагуулах вэ гэдэг асуудал. Тавантолгой түлш компани нэг тонн түлшийг 2022 оны эхний хагасын үнэлгээгээр 450 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Зөрүү 300 мянган төгрөгийг татаасыг ЭТТ ХК нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жил санхүүжүүлж иржээ. Харин 450 мянган төгрөгийн өртөгтэй түлш маань хагас кокстон түлш дээр 650-700 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, коксон нүүрс дээр нэг тонн тутамд өгөх татаасын хэмжээ 300 мянгаас 550 мянгад хүрнэ. Тэгэхээр одоо байгаа татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэх аж.

-Туршилт амжилтгүй болбол 127 тэрбум төгрөг “салхинд хийснэ”-

Ирэх 12 дугаар сарын 15-наас 01 дүгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхийн галлагаанд мидлинг бүхий түлшээ хэрэглэвэл зардал нь 50 орчим тэрбум төгрөг. Харин эл нийлүүлэлтийг зогсоож хагас коксон нүүрсийг туршилтаар нийлүүлсний зөрүү нь 127 тэрбум төгрөг буюу энэ хэмжээний мөнгийг илүү зарцуулна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, хагас коксон түлшийн туршилт амжилт олохгүй бол энэ хэмжээний мөнгө салхинд хийснэ гэсэн үг. Гэхдээ Б.Чойжилсүрэн сайд агаарын бохирдлыг 2-3 дахин бууруулах тооцоолол бий гэдгээ танилцуулчихсан. Түүндээ ч итгэлтэй байгаагийн хувиар хагас коксыг дотооддоо хямдаар үйлдвэрлэх үйлдвэрийг барья гэх төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Энэ утгаараа тэрбээр зоригтой алхам хийж байж л үр дүнгээ харна гэдэгт бат итгэчихсэн яваа.

ТУРШИЛТ: Зориулалтын асаагчтай нь цуг ашиглахгүй бол хагас коксон түлшийн туршилт үр дүнгээ өгөхгүй-

Агаарын бохирдол бидний хэрэглэж буй түлшнээс гадна асаагчаас шалтгаалж байгаа гэх. Энэ утгаараа ирэх 12 дугаар сараас хийх туршилтад зориулалтын асаагчийг цуг ашиглуулахаар болсон. Хагас коксон болон мидлингээр хийсэн түлшийг асаахад асаагч нөлөөлж байгааг туршилтаар харсан юм. Туршилтаас үзэхэд, дээрх зурагт харж байгаачлан түлшээ модоор асаахад утаа их хэмжээгээр гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хагас коксон түлшийг модоор асаавал агаарын бохирдлыг бууруулах тал дээр тодорхой үр дүн гарахгүй. Харин зориулалтын асаагчийг ашиглахад уугиж буй утааны хэмжээ эрс бага байгаа болохыг харж болохоор байв.

-ЦААШДЫН ШИЙДЭЛ: 600 мянган тонны хүчин чадал бүхий Багануурын уурхайд түшиглэн барих үйлдвэрийн ТЭЗҮ-г ирэх сарын дундуур бэлэн болгоно-

Дотооддоо хийх туршилт амжилттай больё гэж бодьё. Бид цаашид хэрхэх вэ. Салбарын сайд нь туршиж үзээд амжилттай болбол 2025-2035 онуудад хэрэглээнд нэвтрүүлнэ гээд хэлчихсэн. Гэтэл цаашид бид хэрэглээнд нэвтрүүлэхээр бол энэ хэмжээний өндөр өртгийг зарцуулаад байх эдийн засгийн боломж тун бага. Яаж хямд өртгөөр түлшээ үйлдвэрлэх вэ гэдэгт хариулт хайж таарна. Харин хариулт нь ҮЙЛДВЭР. БНХУА-аас хагас кокс буюу гол түүхий эдээ импортолж авна. Харин Монгол Улс дотооддоо 600 мянган тонны хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж чадвал БНХАУ-аас импортлох хагас коксын өртөг 56.3 хувиар буурах буюу нэг тонн хагас кокс 525 мянган төгрөг болно гэх урьдчилсан тооцоолол гарсан аж.

Хагас коксыг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх зорилго бүхий ТЭЗҮ-ийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болгох гэнэ. Ингэхдээ үйлдвэрийг Багануурын уурхайд түшиглэн барина. Гаднын хөрөнгө оруулагч энэ үйлдвэрийг барих ба Монголын тал газрыг гаргаж өгнө хэмээн төлөвлөсөн байна. Үйлдвэрийг барихад хамгийн багадаа 18 сарын хугацаа шаардлагатай.

Энэ мэт олон үр дагавар, нөлөөлөл, ач холбогдол, урьдчилсан тооцоолол хагас коксон түлшийн туршилтыг дагаж байна. Энэ утгаараа Б.Чойжилсүрэн сайд хагас коксон түлшийг дотоодод нэвтрүүлэхийн хэл ам дагуулах эдийн засгийн бүхий л тооцооллыг мэдэж байгаа. Тиймээс Утаанбаатарын галтай асуудлыг барьж авч, утаа бууруулах нэг алхмыг хийгээд үзье гэж байгаа аж.

Хэрэв Б.Чойжилсүрэнгийн утаа бууруулахаар хийх гээд буй эл туршилт амжилттай болбол утаа 2-3 дахин буурна. Амжилтгүй болбол 100 гаруй тэрбум төгрөгөө “салхинд хийсгэх” эрсдэл байна. Тэр танилцуулсныхаа хувьд хариуцлагаа ч бас үүрэх биз. Харин дүгнэлтийг уншигч та хийх биз ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *