​ О.Жавхлан: Бид инновац бүтээгч сурагчдыг бэлтгэнэ

0

Хан-Уулын хормой дахь “Нүхт” цогцолборын зүүн талд  ерөнхий боловсролын сурагчдад англи хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын  суурийг хослуулан эзэмшүүлэх  “тулгын гурван чулуу” холимог системийг менежментээ болгосон “Шинэ санаа иннова”  бүрэн дунд  сургууль үүдээ нээж байна. Шинэ цагийн хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээлүүдийг хос хэл дээр цогцоор нь олгох мэдлэг, туршлагатай багш нарын багаас бүрдсэн  “Шинэ санаа иннова” сургууль анхны сурагчдаа хүлээн авахад бэлэн болж,  элсэлтээ авч байгаа юм. Намрын эхэн сарын шиврээ бороотой бүрхэг өдөр тус сургуулийг зорин очиход гадаах талбайн тохижилт үргэлжилж байв. Их хотын дуу чимээнээс хол, нам гүмхэн орчинд,  цэвэр агаар хамар цоргиж, Хан-Уулнаа хөхөө донгодох нь содон.  Ингээд  “Шинэ санаа иннова“ сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Оргилбулагийн ЖАВХЛАН-тай ярилцлаа.

-Сургуулиа үүсгэн байгуулаад анхны хичээлийн жилээ угтаж байгаа танд баяр хүргэе.  Сургуулийн нэрээс эхлээд багшлах баг бүрэлдэхүүнээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Миний бие боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд улсын болон хувийн сургууль, кембриджийн хөтөлбөртэй сургуульд ажиллаж байсан. Энэ бүх туршлагадаа үндэслээд өөрийн сургуулиа үүсгэн байгуулж байна.  Хүн бүрд, хүүхэд бүрд шинэ санаа төрж байдаг. Шинэ санаанаас инновац бүтнэ. Энэ хоёрын завсарт боловсрохгүй бол шинэ санаа мөрөөдлөөс хэтрэхгүй. Тэгвэл шинэ санаагаа боловсруулж, инновац болгохын тулд боловсрол хэрэгтэй. Тиймээс бид  шинэ санааг боловсруулж, инновацыг бүтээгч сурагчдыг бэлтгэх зорилгоор сургуулиа “Шинэ санаа иннова” гэж нэрийдсэн. Инновац гэдгийн цаана мэдээллийн технологийн өндөр ур чадвар Монголын дараа дараагийн Эйнштейн, Билл Гейтсүүд төрөх болтугай гэж бэлгэдсэн.

Миний хувьд мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй. Өөрийн сургуулийг байгуулна гэж оюутан байхаасаа мөрөөдөж, зорьж байлаа. Тиймээс  өнгөрсөн хугацаанд эхлээд өөрийгөө бэлтгэж, сайн багш, сайн удирдагч  байхаар зорьж, сургуулийн менежмент, удирдлагын түвшинд хүртэл ажиллаж, туршлага хуримтлуулж, сайн багш, хамт олноор багаа бүрдүүллээ.  Өнөөдөр хэдийгээр сургууль маань шинээр үүсэн байгуулагдаж байгаа хэдий ч сургалт хариуцсан захирлаас эхлээд баг хамт олон маань боловсролын салбарын тэргүүний туршлага, мэдлэгтэй, мэргэшсэн бүрэлдэхүүн. Бидний сургалтын хөтөлбөрт тусгасан кембриджийн хөтөлбөрийн заах арга барилыг эзэмшсэн, туршлагатай баг бүрдсэнд баяртай байна.

-Өнөөдөр мэдээлэл технологийн эрин үе гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ. Тиймээс танай сургууль сурагчдад суурь боловсролыг мэдээлэл технологитой хослуулж олгоно гэсэн үг үү?

-Манай  сургууль Кембриджийн болон мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй сургууль.  Робот, мэдээлэл технологийн бага, дунд, ахлах ангийн гурван хөтөлбөр бий. Ахлах ангиар жишээлье. Ахлах ангид дээд түвшний математикийг академикаар заадаг. Тэгвэл академикаар заасан хичээлийг роботын практик хичээлтэй холбож мэдээлэл технологийн чадвар эзэмшүүлнэ. Ахлах ангийн сурагчдаа 12 дугаар ангиа төгсөхөд нь мэдээлэл технологийн мэргэжлийн түвшний суурь чадвартай болгож төгсгөнө. Учир нь хүүхдүүдийг ирээдүйд  мэдээлэл технологийн ур чадварыг ерөнхий боловсролын түвшиндээ өндөр эзэмшсэн байхыг шаардаж байгаа. Тиймээс манай сургуульд суралцах 12 дугаар анги төгссөн хүүхдүүд маань их, дээд сургуульд суралцах явцдаа мэдээлэл технологидоо тулгуурлан онлайнаар ажил хийгээд явах хэмжээнд ур чадвар эзэмшүүлнэ гэсэн үг.

-Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?

-Сургуулиуд математикийн, байгалийн ухааны, хэлний гэх мэтчилэн сургалтын хөтөлбөрийн аль нэг талыг түлхүү барьж, гүнзгийрүүлж заадаг. Энэ нь хүүхдийг нэг тал руу чиглүүлж, гүнзгийрүүлэхэд сөрөг зүйл харагддаг. Математикаар дагнан суралцсан хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар дутагдалтай бол спорт, урлагаар дагнасан хүүхэд суурь мэдлэг тааруу байх жишээтэй. Тиймээс манай сургууль зөвхөн мэдээлэл технологи, инженерчлэлээр хүүхдээ бэлтгэхгүй. Хүүхдүүдийг нийгмийн харилцаанд өөрийгөө илэрхийлэх, урлаг, спортод өөрийн сонирхдог төрлөөрөө хичээллэдэг байхад анхаарч, суурь боловсролыг нь бүрэн олгоно. Кембриджийн олон улсын хөтөлбөрийн шалгалтыг ахлах ангид сурч байхдаа өгдөг.  Энэ шалгалтын оноонуудаараа дэлхийн топ сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэгт хамрагдах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, Английн топ сургуулиуд инженерийн ангид элсэхээр бүртгүүллээ гэхэд    Кембриджийн хөтөлбөрийн мюзиклийн хичээлийн шалгалтын оноотой байвал тухайн сургуульд элсэх давуу тал болдог. Тиймээс бид хүүхдүүдэд ерөнхий боловсролыг эзэмшүүлэх сургалтдаа энэ бүх балансыг барьж хөтөлбөрөө боловсруулсан.

-Багш, сурагч, эцэг, эхийн хоорондын холбоог хэрхэн уялдуулах бол?

-Сургуулийн менежментийн баг, удирдлагын баг, багш, эцэг эх, хүүхэд гэсэн дөрвөн харилцаа хоорондоо зөв системтэй байх ёстой.  Манайх энэ харилцааг зохицуулах сургуулийн боловсролын мэдээллийн системтэй. Энэ системээрээ хоорондоо харилцан уялдаа, холбоотой, ойлголцож ажиллана.

-Энэ системээ тодруулахгүй юу? Хаанаас нэвтрүүлсэн систем бэ?

-Мэдээлэл технологийн инженер хүний хувьд би боловсролын салбарт ажиллах хугацаандаа багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцан уялдаа холбоотой байлгах EduPage системийг нэвтрүүлсэн. Өнөөдөр фэйсбүүк өдөр тутмын хэрэглээ болсон. Үүнтэй адил энэ системийг  гар утсандаа аппликейшн татаад суулгана. Хүүхэд буруу зүйл хийсэн байхад олны дунд зарлах, эцэг, эхтэй нь тод, чанга дуугаар ярих нь хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал. Тиймээс тухайн хүүхдийн эцэг,  эхэд системээрээ дамжуулан мэдээлэл хүргэнэ. 

Манай сургууль хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн хүрээнд хүүхдүүдийн дүнг  бусдад нь харуулахгүй. Энэ нь олон улсын боловсролын жишиг байдаг. Тэгэхээр хүүхдүүд хоорондоо яаж өрсөлдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл манай энэ мэдээллийн систем хүүхдийг ямар түвшинд байгааг мэдээллээр хүргэнэ. Тиймээс хүүхэд бүр өөрөө  өөрийгөө удирдаж, бие дааж суралцаад явна. Гэхдээ хүүхдийг бусадтай харьцуулах шаардлагагүй.

Хүүхэд аль нэг хичээлдээ хоцрогдох, эсвэл илүү ихийг мэдэх гээд чармайхаар хэрэг гарна. Мөн л энэ системд  тухайн хичээлийн хоцрогдол болоод нэмэлт хичээлийн хөтөлбөрийг оруулсан байгаа. Энэ нь багш, эцэг, эхчүүдийн харьцааг системээрээ дамжуулан уламжилж байгаа юм. Хүүхдээ математикийн аль бодлого дээр явж байна, өнөөдөр ямар хичээл үзсэн, дүн нь ямар байна, хичээлийг нь яаж давуулах талаар арга барил  зэргийг эцэг эхчүүд энэ системд нэвтрэн харах болно. Нөгөө талаар багш нарт ч  хүүхэд, эцэг эхчүүдтэйгээ ажиллахад хөнгөвчилж болж байгаа юм. Жишээлбэл, бага ангийн багш хамгийн их ачаалалтай байдаг.  Хичээлийн бус, оройн цагаар ч эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгавар, орсон хичээлийг асууж, лавладаг. Энэ нь тэдний буруу биш. Энэ систем багш, эцэг, эхчүүдийн харилцаа холбоог нягтаршуулахаас гадна, хөнгөвчилж өгч байгаа давуу талтай.

-Сургалтын хөтөлбөрөөс гадна танай сургуулийн орчин хүн, байгальд ээлтэй байгаа нь сонирхол татлаа…?

-Тийм ээ, хүүхдүүдэд цэвэр агаар хэрэгтэйгээс гадна байгальтай ойр сургалтаа явуулна. Манайх зарим хичээлээ сургуулийн гаднах талбайдаа зохион байгуулна. Тухайбал, иогийн хичээлийг гадна талбайд явуулна. Хүүхдүүддээ байгалийг танин мэдүүлнэ. 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24532/

Н.Энхлэн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *