Д.Золбоо: Ромын Папын айлчлал бол Монгол Улс дэлхий дахинд шашин шүтлэг, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын нэг гэдгээ бататгах том боломж
Ромын пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад айлчлах гэж байгаа билээ. Айлчлалын ач холбогдол, онцлог зэргийн талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.
-Ромын папын айлчлал Монгол Улсаас Ватикантай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хоёр улс хоорондын дипломат харилцаа хэрхэн явж ирсэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Ардчилсан, тусгаар тогтносон Монгол Улс Шинэ үндсэн хуулиа батласнаас хойш дэлхийн олон улс орнуудтай шинээр дипломат харилцаа тогтоосон байдаг. Тэдгээрийн нэг нь Ватикан. Харилцаа тогтоох нэг хэрэг. Харин бодит амьдрал дээр хэрхэн хөгжиж ирэв гэдэг бас нэг хэрэг. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орнуудаас түүх, уламжлалаараа ялгардаг цөөхөн улсын нэг нь Ватикан. Жишээ нь, Ватикантай харилцаатай улс орнууд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаа гэхээс илүүгээр улс төр, шашин соёлын харилцаатай байхыг чухалчилна. Манай хоёр улсын харилцаа энэ жишгээр явж ирсэн гэж болно байх. Гэхдээ түүхэн талаасаа авч үзвэл өнөөгийн хөршүүд, өрнөдийн улс орнуудаас өмнө манай хоёр улс харилцаж байсан түүх бий гээд л ярьвал бас онцгой л доо.
-Мэдээж хамгийн том ач холбогдол нь шашны аялал жуулчлалаар дамжуулж олон улсад эх орноо сурталчлах боломж хэмээн олон нийт дүгнэж байна. Аялал жуулчлал дагасан эдийн засгийн үр өгөөж нь ямар байна гэж харж байна вэ?
-Мэдээж бий. Тэр тусмаа яг айлчлалын өдрүүдээр дагаж ирэх хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, мөргөлчдийн хөл хөдөлгөөнийг дагаад дэлхийн улс орнуудын анхааралд орох нь гарцаагүй. Харин Папын айлчилсан улс орон бүхний аялал жуулчлал цэцэглэн хөгждөг гэвэл хэтрүүлэг болох магадлалтай. Харин манай гадаад харилцааны хөгжлийн нэг түүх бөгөөд дэлхий дахинд шашин шүтлэг, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын нэг гэдгээ бататгах том боломж л гэж харж байна даа.
-Ромын Папын Монгол Улсад хийх айлчлал геополитикийн чухал ач холбогдолтой талаар олон улсын хэвлэлүүд хэдийнэ онцлоод эхэлсэн байна?
-Тэр талаас нь олон зүйлийг судлаач, шинжээчид тэмдэглэж байгааг харж байна. Хойд хөршид маань өрнөсөн өнөөгийн улс төрийн хямралт нөхцөл байдал болоод дипломат харилцаа тогтоогоогүй, шашны эрх чөлөөний асуудалтай өмнөд хөршийн дунд байгаа улс гэдэг утгаараа манай улсыг дэлхийн улс орнууд анзаарах нь аргагүй. Нөгөө талаасаа орчин цагт манай улсын гадаад бодлогын “амин сүнс”-ний нэг болсон “Гуравдагч хөрш”-ийн бодлогын амжилт болж түүхэнд бичигдэнэ гэж итгэж байна.
-Шашны асуудал дээр манайх гэлтгүй урд хөрш нэлээн эмзэг байгаа шүү дээ. Тиймээс тус айлчлал нь шашны айлчлал гэдэг утгаараа хоёр хөрш анхааралтай ажиглах талаар олон улсад онцлоод эхэлсэн байна лээ?
-Тийм байх. Судлаачийн хувьд дотооддоо шашны асуудал байхгүй гэж бодож байна. Нийгмийн сүлжээ болон зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа нь нөгөө талаасаа бол ардчилсан улсад байх ёстой нэг л хэмжүүр шүү дээ. Тиймээс нэг их ач холбогдол өгөх хэрэггүй дээ. Харин манай хоёр хөршийн хувьд бидний дотоод асуудалд хүндэтгэлтэй ханддаг, хандсаар байна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн улс төрийн харилцаанд “Нэг Хятад” бодлогын хэмжүүр болсон БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоогоогүй цөөхөн улсын нэг учраас түүхэн болон шашин шүтэх эрх чөлөөний гээд асуудал цөөнгүй байдгыг бид ойлгох хэрэгтэй.
-Ромын пап Францис авлига, байгаль орчны доройтлын асуудалд байр сууриа хүчтэй илэрхийлдэг. Эл асуудлууд бол манай улсын хувьд тулгамдсан асуудлын нэг шүү дээ. Энэ утгаараа нэлээн хүлээлттэй байна?
-Би тантай санал нэг байна. Нэг талаасаа шашны тэргүүн, нөгөө талаасаа төрийн тэргүүнүүдийн санаа тавьдаг л асуудлуудын нэг. Монголчууд бидэнд их ойрхон түүх дээ. ХХ зууны эхэнд 10 гаруй жилийн хугацаанд “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд эзэн хаан”-тай байсан улс шүү дээ. Гэхдээ Папын үг, байр суурь дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогч нарын анхаарлын төвд байсаар байдгийг үгүйсгэх боломжгүй. Уул уурхайн салбарын хөгжил болон малын тоо толгойн улмаас үүссэн бэлчээрийн доройтол зэргээс үүдсэн сорилт, бэрхшээлийг даван туулахад Папын оролцоо, дэмжлэгийг авч чадвал бидэнд л хэрэгтэй байх. Биднээс шалтгаалахгүй зүйлс ч олон бий дээ.
-Энэ айлчлалаар ямар чиглэлд хэлэлцээр, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж та харж байна вэ?
-Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр үзэглэх, албажуулах гэрээ, хэлцэлийн баримт бичгүүд хоёр талаасаа Засгийн газар, яамдуудын түвшинд санал авч нэгтгэн, харилцан бүрэн тохиролцсон байдаг. Өмнөх улс орнуудад хийгдэж байсан худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц гэх зэргээс илүүгээр нийгэм соёл, засаглалын чиглэлд илүү анхаарч байгаа гэж найдаж байна.
-Айлчлалаас гарах гол үр дүнг юу гэж харж байна?
-Судлаачийн хувьд Монгол Улсын гадаад харилцааны нэр хүнд өснө гэдэгт л итгэлтэй байна. Би буруу санаагүй бол Пап жилийн өмнө Казахстанд айлчилж байсан. Энэ нь Ватиканы буюу өргөн утгаараа өрнөдийн улс орнуудаас энэ бүс нутагт анхаарлаа хандуулж байгааг харж болно.
Энэ айлчлал бол улс төрийн харилцааг ахиулах зорилготой байгаа нь ойлгомжтой. Харин соёл түүхийн хувьд зарим нэгэн боломж нээгдэнэ гэж найдаж байна. Тухайлбал, Ватиканы архив, номын санд байгаа монголчууд, монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох олон арван түүхэн баримт бичгийг илрүүлэх, судалгаа хийх, судлаач бэлдэх талаар хамтарч ажиллахад дэвшил гарна байх аа. Түүнээс гадна айлчлалынхаа хоёр дахь өдөр Төрийн ордонд судлаач, эрдэмтэдтэй уулзалт зохион байгуулахад оролцох боломж гарч байгаа нь судлаач бидэнд ч ховор боломж гэж харж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.