Хакүхо сүмогийн холбоог орхиж, дэвжээгээ хүлээлгэн өгнө

Миягино ояката буюу Хакүхо М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхихоор шийдэж, үүнийгээ сүмогийн бөхийн холбоонд мэдэгджээ. Сүмогийн холбоо ч түүний шийдвэртэй холбогдуулан зургадугаар сарын 2-ны өдөр шуурхай хурал зарласан аж.
Хакүхо М.Даваажаргал сүмогийн холбооноос гарах өргөдлөө өчигдөр/2025.05.29/ хүргүүлжээ. Сүмогийн холбооны зүгээс ч түүний өргөдлийг албан ёсоор хүлээн аваагүй, түр хүлээлгэж байгаа гэнэ. Тиймээс зургадугаар сарын 2-ны өдөр хуралдахаар болжээ.
Хакүхо ч сүмогийн холбооноос гарахаар шийдсэн гэх бөгөөд энэ талаараа ойр дотны хүмүүс, ивээн тэтгэгч байгууллагууд, түншүүддээ мэдэгдсэн гэнэ.
Түүний хувьд өдгөө Исэгахама дэвжээнд харьяалагдаж байгаа. Угтаа өөрийн гэсэн дэвжээтэй болсон боловч шавь нь болох Хокүсэйхо А.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дарамталж, дээрэлхдэг байсан нь ил болж, улмаар дэвжээ нь Исэгахама дэвжээний мэдэлд шилжсэн түүхтэй.
Хокүсэйхо ч сүмогийн ертөнцөөс хөөгдөж, Хакүхо ч Исэгахамагийн хаяанд очсон.

Нэгэнт л өөрийн гэсэн дэвжээгүй болсон Хакүхо Исэгахама дэвжээг өвлөн авах Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй дотно бус, түүний доор ажиллах хүсэлгүй байгаа учир дараагийн замналаа эхлүүлэх болсон гэж Японы хэвлэлүүдээр мэдээллэж байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлж, японы иргэн болсон учир Исэгахама дэвжээг өвлөн авна.
Зургадугаар сарын 9-ний өдөр Исэгахама дэвжээ албан ёсоор Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн мэдэлд шилжих ёслол болох аж. Харин Хакүхо М.Даваажаргал зургадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа аав, дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд оролцоно.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон Хакүхогийн ирээдүй олны анхаарлыг татаж байна. Түүний туйлын зорилго нь өөрийн гэсэн дэвжээтэй болж, аварга шавь төрүүлэх байсан билээ. Үүнийхээ төлөө ч Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японыг сонгосон түүхтэй.