“Монгол Улсын газар нутаг дээр Хятадын цэргийн анги байрласан мэтээр бичсэн хүнийг илрүүлж, саатуулсан мэдээлэл ирсэн”

0

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр Овоотын отрядын хамгаалдаг зурвас газраас 15 м.кв талбай бүхий газар нутгийг БНХАУ-д шилжүүлэхээр болж байгаа гэх агуулга бүхий мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Уг асуудлаар Хил Хамгаалах Ерөнхий Газраас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандалд, хөрс зэргэлдээ хөрш улсуудын нутаг дэвсгэрээс зааглан тогтоосон шугамыг агаарын, гүний хил гэж хуульд тодорхойлсон байдаг. Монгол Улсын хилийг хуулиар бататгадаг. Манай улс шугаман хилтэй.

1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд газар орон дээр нь тогтоон тэмдэглээд хилийн протокол үйлдэн 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн, олон улсын гэрээ, эрх зүйд нийцсэн халдашгүй дархан хилтэй.

Улсын хилийг 20 жил тутамд нэг удаа шалгадаг. 1982-1984, 2002-2004 онд хоёр дахь удаагаа шалгасан. Хилийн шугам үер ус, тектоник хөдөлгөөн, газарзүйн байрлалаас шалтгаалаад гажилт үүсэх магадлалтай. Хамгийн сайн GPS ашиглан шалгахад хилийн шугам 3-5см-ийн гажилттай байх магадлалтай гарсан. 2024-2026 онд хилийн шугамыг шалгана.

Улсын хил баталгаажсан байдаг тул энэ нь хөдөлгөөнгүй байна гэсэн үг.

Хил хамгаалах тухайд БНХАУ-тай 2010 онд хилийн дэглэмийн гэрээг байгуулсан. Хилийн дэглэмийн гэрээнд нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдлыг олон улсын гэрээ, эрхзүйд тулгуурлан бүрэн эрхт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт үл оролцох, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан найрсгаар хамтран хамгаалах үзэл санааны дагуу хилийг хамтран хамгаалах, өнө мөнхөд энх тайван, найрсаг харилцааны хил байлгахын төлөө хүчин чармайлт гарган энэ гэрээг байгуулсан гэж тусгасан. Гэрээний дагуу хоёр улсын хилчид хамгаалалтыг зохион байгуулж байна.

Хилийн шугам дээр өөрчлөлт, зөрчил гаргахгүй байхын төлөө хоногт 4,000-5,000 залуус 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Гэтэл олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч газар нутгийг бусдад зарсан, Монгол Улсын газар нутаг дээр Хятадын цэргийн анги салбар байрласан” мэтээр бичжээ. 

Эрх зүйн мэдлэггүйгээр Монгол Улсын төрийн тэргүүнийг болон мянга, мянган хилчдийг үгүйсгэн ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна.

Өнөөдөр цагдаа, тагнуулын байгууллагын дарга нарт хандаж дээрх мэдээллийг бичсэн хүмүүсийг олох, яагаад дайсагнан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа юм гэдгийг хэлсэн.

Иргэд худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. 

Монгол Улс БНХАУ-тай 4,709.6 км хэсгээр хиллэдэг, бүрэн бүтэн байна” хэмээн ярилаа.

“Цагдаа, тагнуулын байгууллагууд олон нийтийн сүлжээнд уг мэдээллийг гаргасан хүнийг илрүүлж, саатуулсан. Одоо байцаалт авч байна гэсэн мэдээллийг өгсөн” гэв.

Хил хамгаалах хэрэгслийн тухайд:

“Манай улс хил хамгаалах техник, технологийн хувьд хоёр хөршөөсөө дутмаг байгаа нь үнэн. Дохиолол, хяналтын болон сансрын систем, нисгэгчгүй нисэх  хэрэгслээр хоёр хөрш хилээ хамгаалж байна.

БНХАУ хилийнхээ дагуу өндөр хүчдэлийн шугам татаад засмал зам тавьж байна. Манай улс тэгж чадаагүй технологийн шинэчлэл эхэлж байна. Хоёр тал улсын хилээ хамтран хамгаална гэдэг нь ижил түвшинд байх ёстой юм” хэмээн хэллээ.

“Ковидын үед халдварт өвчтэй хүн Монгол Улсын хилээр зорчуулахгүй байх хатуу даалгаврыг авч, өмнөд хил дээр 6 сарын турш хүч нэмэгдүүлэн хамгаалж,  7-8 удаагийн зөрчлийг саатуулж нутаг руугаа оруулаагүй” гэв. Улсын хил найдвартай хамгаалагддаг болохыг тодотголоо.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *