“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ

0

Засгийн газраас зарласан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас “шүүрч” авчирсан. Замын-үүд боомтоор 62 настайдаа гарч зугтсан Т.Бадамжунай таван жил  улс, улс дамжин зугтаж явсаар ийнхүү 67 настайдаа баривчлагдаж эх орондоо ирсэн энэ. Улмаар Т.Бадамжунайг цагдан хорьж, 2000-2004 онд Хотын Ерөнхий менежер, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байхдаа үйлдсэн авлига, албан тушаалын бүх гэмт хэргүүдийг нь сэргээн шалгаж эхэлсэн байдаг. 

Гэвч Т.Бадамжунай дөрвөн сар хоригдоод бие нь муудсан тул өнгөрсөн долдугаар сарын 10-нд сулласан бөгөөд хилийн хориг тавьж, гадуур байцааж эхэлсэн. Одоогоор Т.Бадамжунайгийн үйлдсэн эрүүгийн хэргүүдийн талаар хууль хяналтынхан ам нээгээгүй байна. 

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үйлдсэн хэргүүдийн нэг буюу хууль бусаар 72 га газар авч, үүнийхээ 20 га-г Хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдаж, энэ мөнгөө хүргэнийхээ ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлэх замаар мөнгө угааж байсан  ноцтой хэргийн баримтыг дэлгэж байна. 


Т.БАДАМЖУНАЙ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСНЫХОО ДАРАА ЖИЛ БУЮУ 2005 ОНД СХД-ИЙН 34-Р ХОРООНД ХУУЛЬ БУСААР 72 ГА ГАЗАР АВЧЭЭ 

     Т.Бадамжунай 2000 онд Хотын Ерөнхий менежер болж, 2004 он хүртэл ажилласан. Энэ дөрвөн жилийн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай хоёр хотын хамаг л газрыг худалдаж, халаасаа түнтийлгэсэн гэдэг. Улмаар 2004 онд Т.Бадамжунай Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэтэл УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт газрын наймаагаа үргэлжлүүлж байжээ. Тодруулбал, Т.Бадамжунай УИХ-ын гишүүн болсныхоо жил буюу 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найданд нөлөөлж, түүнээр 259 дугаартай захирамж гаргуулж, “Ёл хангай” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо буюу Найрамдал зуслан өгсөх зам дагуу, Баянголын амны зүүн талын энгэрт орон сууцны зориулалтаар 72 га газар олгуулжээ. 

Улмаар Т.Бадамжунай “Ёл хангай” ХХК-ийн нэр дээр авсан 72 га газраа таван жилийн дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 30-нд хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-д шилжүүлж авсан байна. Ингээд дараа жил нь буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшлийн 72 га газраас 20 га газрыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХД-д худалджээ. Тэр өдрөө Э.Жаргалсайхан “Ти Си Ди” ХХК-аас 20 га газрын төлбөр болгож 2.5 тэрбум төгрөг шилжүүлж авсан байна. 

Тайлбар: Улаан зураас- Т.Бадамжунайгийн хууль бусаар авсан 72 га газар, Цэнхэр зураас- Т.Бадамжунайгийн хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдсан 20 га газар

Т.БАДАМЖУНАЙ ХЯТАДУУДАД 20 ГА ГАЗАР ХУДАЛДАЖ ОЛСОН 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАНЫХАА “АВШИГ-ОДСЭР” ББСБ-ААР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ, МӨНГӨ УГААЖ ЭХЭЛЖЭЭ 

       Т.Бадамжунай БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК-д 2.5 тэрбум төгрөгөөр 20 га газар худалдахаасаа 5 хоногийн өмнө буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд хүргэн Э.Жаргалсайханыхаа нэр дээрх “Авшиг-Одсэр” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэсэн байгаа юм.

“Авшиг-Одсэр” ХХК нь Э.Жаргалсайханы нэр дээр 2009 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч огт үйл ажиллагаа явуулаагүй, Х тайлан өгдөг компани байсан. Харин хятадуудаас 2.5 тэрбум төгрөг шилжиж орж ирэхээс тав хоногийн өмнө ийнхүү банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээлгэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай хятадуудаас мөнгө орж ирмэгц, ББСБ-аар дамжуулан угаана гэдгээ эртнээс тооцож, бэлдэж байсан гэсэн үг. 

Ингээд тав хоногийн дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Ти Си Ди” ХХК-аас 20 га газрын төлбөрт 2.5 тэрбум төгрөг авсныхаа дараа төлөвлөсөн ёсоор Э.Жаргалсайханыхаа “Авшиг-Од сэр” ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханы “Авшиг-Одсэр” ХХК нь сарын 3-5 хувийн хүүтэй Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 5-8 хувийн хүүтэй Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 4-7 хувийн хүүтэй Бизнесийн хэрэглээний зээл тус тус олгож байжээ. 

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХЯТАДУУДАД ХУДАЛДСАН 20 ГА ГАЗАР ДЭЭР “БУМАН-ӨЛЗИЙ” ХОРООЛОЛ БАРИГДСАН БОЛ ҮЛДСЭН 52 ГА ГАЗАР ДЭЭР ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАН НЬ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХААР “А” ДААЛГАВАР АВЧЭЭ 

   Т.Бадамжунайгаас 2.5 тэрбум төгрөгөөр 20 га газар худалдаж авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК нь тус газар дээрээ 2012 оны наймдугаар сараас 5000 айлын “Буман өлзий” гэх орон сууцны хороолол барьж эхэлсэн бөгөөд 2016 онд I-р ээлжийн 11 блок орон сууцаа ашиглалтад оруулсан. 

Тайлбар: Т.Бадамжунайгийн хятадуудад худалдсан 20 га газар дээр баригдсан “Буман-Өлзий” хороолол

Харин Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшилд үлдсэн 52 га газар дээр Орон сууцны хотхон барихаар 2016 оны гуравдугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяраар 2016/06-14 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж авсан байна. 

Тайлбар: Т.Бадамжунайгийн хууль бус 52 га газар дээр хүргэн Э.Жаргалсайхан нь орон сууцны хотхон барихаар “А” даалгавар батлуулсан баримт

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА, МӨНГӨ УГААЛТЫГ ГҮЙЦЭТГЭЖ ИРСЭН ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАН НЬ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЗӨВЛӨХ, ХХААХҮЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ 

     ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн хууль бус газрын наймаа, мөнгө угаалтыг гардан гүйцэтгэгч хүргэн Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 онд ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн үед тус яамны сайдаар Б.Батзориг ажиллаж байсан. Б.Батзоригийн хувьд, Т.Бадамжунай, М.Энхболд хоёрын даалгавраар “ЖДҮ”-г-ийн хэргийг үйлдэж байсан “цэрэг” нь гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Б.Батзориг Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг хэлтсийн даргаараа ажиллуулж байсан аж. 

Тайлбар: 2018 он, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан нар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *