Х.Нямбаатар: Хоригдож байгаа хүмүүсийг ч сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно
Нүүрсний түр хороо буюу “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнгөрсөн 7 хоногт хуралдаж даргаа сонгосон.
Түр хорооны даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон бөгөөд тэрээр энэ сардаа багтааж Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгойн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан мэдээлэлтэй танилцахаар төлөвлөсөн гэдгээ хэллээ. Мөн энэ 7 хоногт түр хорооны хурлыг хийх юм байна.
Түр хорооны дарга Х.Нямбаатар “Энэ 7 хоногт багтааж түр хороо хуралдана. Бид энэ сард нэлээд шахуу ажиллаад мэдээллүүдээ цуглуулсны үндсэн дээр сонсголоо зохион байгуулна. Мөн бид “Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгойн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзнэ. Бүх гарсан алдааг тал бүрээс нь судалъя.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглараад байгаа баримтыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хорооны гишүүдэд танилцуулаад, хуулбарлаж авах боломжтойгоо олон нийтэд сонсгоно. Хоригдож байгаа хүмүүсийг ч сонсголд оролцуулж яриулмаар байна. Хэдүүлээ нэг өнцгөөс асуудалд хандмааргүй байна” гэсэн юм.