Гэдэсний халдварт өвчин их байгаа үед эмч зөвлөж байна
Гэдэсний халдварт өвчин болон гүйлгэж, суулгадаг ханиад их байгаа учир гэрийн нөхцөлд сувилахуйн аргыг зөв хэрэгжүүлж яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжилтнүүд зөвлөж буй. Тэгвэл гэрийн нөхцөлд гэдэсний халдварт өвчний үед ямар арга хэмжээ авах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Агаар дуслын халдварын тасгийн ахлах сувилагч Б. Мягмарсүрэн дараах зөвлөгөөг өглөө.
-Гэдэсний халдварт өвчин олон төрөл бий юу, бүгдийг нь анхан шатанд гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?
-Цусан суулга буюу дизентерия, сальмонеллийн халдвар, хоолны хордлого, урвах тахал буюу холера, балнад зэрэг ордог. Монголд эдгээрээс улирлын чанартай цусан суулга, хоолны хордлого ихэнхдээ илэрдэг. Эдгээрээс цусан суулга нь шигелийн төрлийн нянгаар үүсгэгддэг хордлого. Бүдүүн гэдэсний үрэвслийн хам шинжээр гол төлөв илэрдэг гэдэсний цочмог халдварт өвчин. Цусан суулга өвчний үүсгэгч нь шигеллез төрөлд багтах хөдөлгөөнгүй, бүрхүүлгүй, хуяг үүсгэдэггүй, грамм сөрөг бөгөөд 37 хэмд сайн үрждэг.
Харин дийлэнх тохиолддог хоолны хордлого нь эмгэг төрөгч нянгуудаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсч, ходоод нарийн гэдэсний гэмтэл болон хордлогын хам шинжээр илрэх олон шалтгаант цочмог өвчин.
Хоолны хордлого үүсгэгч нь өргөн тархсан энтербактерийн бүлэгт багтах сальмонелийн төрлийн нян орно. Гэдэсний халдварт өвчний өөр нэг төрөл нь урвах тахал. Энэ нь виброноор үүсгэгдэж бөөлжих, суулгах, эрдэс давсаа алдах, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд хүргэдэг цочмог халдварт өвчин юм.
-Халдварт өвчин дамжих гол эрсдэл юу вэ?
-Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн өвчтөн. Мөн нян тээгч. Өөрөө өвдөөгүй ч өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл хүн гэсэн үг. Эдгээрээс гадна хоолны хордлогын үедээ хүнсний үйлдвэрлэлд ажиллаж байсан, эсвэл хүнсний худалдаа эрхэлж байхдаа эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож гэдэсний халдвар дамжих эрсдэл үүсдэг. Дамжих замын тухайд бохирлогдсон хоол хүнс, өтгөн, мөр амны зам. Нууц үе нь 2-6 цагийн дараа буюу 24 цагийн дотор илэрдэг.
ХОРДЛОГОД ОРСОН ХҮНИЙ ХАЛУУН 38 ХЭМЭЭС БУУХГҮЙ БОЛ ЗААВАЛ ЭМНЭЛЭГТ ХАНДАНА
-Хордлогын үед ямар ч шинж тэмдэг илрэхгүй хүндэрнэ гэж байх уу?
-Байхгүй. Мэдрэл хордлогын шинж 24 цагийн дотор илэрнэ. Тухайлбал, халуурах, бөөлжих, суулгах шинжтэй. Цусан суулга өвчний үед өтгөний өнгө цусархаг, үнэргүй, дүлэлт базлалт ихтэй байдаг. Харин сальмонеллёзын халдварын үед өтгөний өнгө ногоондуу салсаар дүүрэн байдаг. Ерөнхий хордлогын шинж тэмдэгт бие сулрах, толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, бие эвгүйрэх, ядарч сульдах хамаарна. Ходоод гэдэсний хямралын үед хордлогыг үүсгэж байгаа нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Ходоод гэдэсний хямралын үед:
- бөөлжих,
- хоолонд дургүй болох,
- гэдсээр базлах,
- гэдэс дүүрэх,
- усархаг ногоон замаг шиг өнгөөр суулгах,
- тэнцвэр алдагдах,
- амьсгаадах шинж тэмдэг илэрдэг.
-Хэрэв гэдэсний халдварт өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?
-Их шингэн алдсанаас хордлогод орох, өндөр халуурснаас таталт өгөх, шулуун гэдэс урвах, нянгийн эсрэг эмчилгээ хийгээгүй нөхцөлд өвчин архагших явцтай болдог. Энэ үед гэрийн нөхцөлд халуунаа хэмжиж, халууралтын хэлбэрээс хамаарч дулаан хучих эсвэл хувцасыг нимгэлэх сувилгаа хийнэ.
Халуун буулгах эхний арга нь шингэн их уух. Мөн амин үзүүлэлтийг тогтмол хянаж 38-аас доош хэмтэй байгаа тохиолдолд дух, суга, цавинд хүйтэн жинг тогтмол тавьж биеийг спиртээр арчих зэрэг эмчилгээг хийх боломжтой.
Биеийн халуун 37,5-аас дээш болсон тохиолдолд халуурсан гэж үзнэ. 38-аас дээш хэмийн халуун буухгүй үед заавал эмнэлэгт хандана. Шингэн алдалт их байгаа үед хоросол, буцалсан ус, байхуу, будааны шүүс өгөхөд тохиромжтой.
Хоросол нь бөөлжилт, суулгалтаар алдаж байгаа эрдсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ энэ нь бөөлжилтийг зогсоох үйлчилгээгүй бөгөөд шингэн алдалтыг л нөхөх үйлчилгээтэй.
-Тэгвэл гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Эхнийх нь гарын ариун цэвэр, дараагийнх нь хоол хүнсний эрүүл аюулгүй байдал. Мөн ундны усны сав зэрэг өдөр тутмын хэрэглээнээс шалтгаалж гэдэсний халдварт өвчин үүсдэг. Тиймээс дархлаагаа тогтмол дэмжихээс гадна хувийн ариун цэврээ сайтар сахиж, гадуур хооллохгүй байх, жимс жимсгэнэ зэргийг ариутгаж идэх шаардлагатай.
-Гэдэсний халдварт өвчнөөр үүсгэгдэж байгаа ханиад гэж бий юу?
-Халдварт өвчнөөр үүсгэгдэх олон өвчлөл бий. Дархлаа суларч ханиад томуугаар өвдөх зэрэг тохиолдол бий. Хэрэв олон хоног хордлогын шинж тэмдэг илэрч байвал заавал эмнэлэгт хандах шаардлагатай.