М.Бадарчийн хэрэглэсэн гэх метенолон зүрхний эм биш, бүх цаг үед хориотой допинг

0

Энэ жилийн Улсын их баяр наадамд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч допингийн асуудалд унаад буй. Учир нь ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг нэр зарлаагүй ч “Сүүлд хариу нь ирсэн бөхийн сорьц эерэг гарсан” гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө улсын арслан М.Бадарчаас бусад бөхчүүдийн сорьцын хариу ирсэн агуулгаарх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

Допинг илэрсэн гэх нэг бөх Б сорьцоо шинжлүүлэхээр болоод буй

Тэгэхээр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг битүү утгаар “М.Бадарчаас допинг илэрсэн” гэх мэдээллийг өгчихсөн болж таарч байгаа юм.

Энэ ч үүднээс М.Бадарч допинг хэрэглэсэн үү, тэр Б сорьцоо шинжлүүлэх үү гэдэг асуултууд хөвөрсөн.

М.Бадарчийн хувьд өөрөө “Би юу ч мэдэхгүй, хөдөө байна. Юун Б сорьц” гэдэг байдлаар тодруулга, мэдээлэл өгч яваа.

Энэ даваа гарагт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допинг илэрсэн гэх бөх Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Хэрэв М.Бадарч мөн бол тэр Б сорьцоо нээлгэхээр шийдсэн гэсэн үг.

Нөгөө талаар М.Бадарчийн дасгалжуулагч, Улсын гарди Д.Рагчаа манай сайтад өгсөн тодруулгадаа, түүнийг хавар зүрх судасны өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн гэж ярьсан. М.Бадарчийн хувьд ч тэр ХЗДХЯ-наас А сорьцын хариугаа гардах үеэрээ өнгөрөгч хавар эмчилгээ хийлгэсэн гэх тайлбарыг өгсөн гэгдэж буй.

Мөн тойрон хүрээлэгчдийнх нь өгч буй мэдээллээр, ер зүрхээ эмчлүүлэх үедээ эм уусан, энэ нь шинжилгээгээр илэрсэн байж магад гэх мэдээллийг өгсөөр байна.

Шинжилгээгээр илэрсэн гэх монголд зарагддаггүй метенолон нь бүх цаг үед хориотой допинг

Бид тодорхой эх сурвалжуудаас тодруулах замаар, М.Бадарчийн шинжилгээнээс яг ямар бодис илэрснийг баталгаажуулах гэж оролдов. Ингэхэд МЕТЕНОЛОН бодис илэрсэн гэх мэдээллийг өгч байна.

Тэгвэл, М.Бадарчийн хэрэглэсэн гэгдэж буй метенолон гэх бодисын  талаар бид юу мэдэх вэ? Шинжлэх ухаанч өнцгөөр уг бодисыг хэрхэн тайлбарлаж болох вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допингийг бүх цаг үе, тэмцээний үе, зарим спортын үед хориглох бодис гэж ангилдаг байна. Харин бүх цаг үед хориглодог эмийг S1-S5 болон M1-M3 гэсэн төрөлд хуваадаг. Тэгвэл метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм. Өмнө нь Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэх S1 бүлгийн анаболик стеройд илэрч байсан.

метенолоны молекулын бүтэц

Метенолоныг синтетик аргаар гаргаж авдаг, анаболик стеройд бодис юм. 1961 он анх эрүүл мэндийн зорилготой зах зээлд гаргажээ. Энэ бодисыг амаар уух таблетыг примоболан, булчинд тарих хэлбэрийг нибал гэсэн нэрээр худалдаалдаг.

Эмийн амаар уух хэлбэрийг албан ёсоор үйлдвэрлэхээ больсон тул хар зах дээр л олддог. 

Монголд ч мөн приболан, нибалын аль нэг нь худалдаалагддаггүй аж. Харин БНХАУ-ын энэ чиглэлээр дагнасан онлайн худалдааны сайтад нээлттэй байх юм. Мөн дэлхийн бусад улс орнууд руу шуудангаар илгээх замаар худалдаалдаг юм байна.

Метенолоний үйлчлэлээр булчингийн масс, биеийн хүч болон цусны улаан эсийн тоо нэмэгддэг юм.

М.Бадарчийн дасгалжуулагч түүнийг зүрхний эмчилгээ хийлгэж байсан гэж ярьсан. Харин метенолон шиг анаболик стеройдууд нь эсрэгээрээ артерын даралт нэмэгдүүлж, зүрх судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг, цаашлаад зүрхний шигдээс, аюултай хэм алдагдалт үүсгэх эрсдэлтэй байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *