Тавантолгой ДЦС-ын тендер дахин бүтэлгүйтлээ
“Оюу толгой” ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангана гэж заасан. Одоо Оюу толгой уурхай цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс 100 хувь авдаг, жилдээ 120 сая доллар буюу 420 гаруй тэрбум төгрөгийг урагшаа урсгаж байна.
Сүүлийн хоёр жил төслийг урагшлуулахаар Эрчим хүчний яамнаас хоёр удаа тендер зарласан ч компани орж ирээгүй, амжилт олоогүй тул 450 МВт-аар бус эхлээд 300 МВт-ын блокийг барих Засгийн газрын тогтоолыг баталсан юм. Энэхүү тогтоолын хүрээнд Эрчим хүчний яамнаас түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 27-ны өдрийн хооронд зарласан.
Тендер шалгаруулсан байдал
Эрчим хүчний яамнаас зарласан уг тендерт Монгол, Хятад, Камбожийн дөрвөн компани хоёр санал ирүүлсэн байна.
Хятадын Чайна Вэстэрн Павр Индастриал ХХК, Бээжин бэйжонг уурын турбин генератор ХХК, Монгол Улсын Моннис Интернэшнл ХХК-ийн охин компани Майнс ап ХХК нар /цаашид түншлэл гэе/ хамтран санал ирүүлжээ.
Ингэхдээ түншлэлийн толгой компани нь Чайна Вэстэрн Павр Индастриал ХХК бөгөөд тус компани төслийг удирдаж, инженерчлэл, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил хийх, үйлдвэрийг угсрах, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ажлыг хариуцахаар болсон байна. Бээжин бэйжонг уурын турбин генератор ХХК нь LP халаагуур, яндангийн төхөөрөмжийг нийлүүлнэ. Майнс ап ХХК нь газар шорооны ажил, барилгын ажил, тусгай зөвшөөрөл авах, кемп байгуулах, зохион байгуулах, захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн түншлэлийн гэрээ байгуулсан байна. Тэд дараах санхүүжилтийн саналыг өгсөн байна.
- Түншлэл нь 577 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн.
- Нийт тендерийн харьцуулах үнэ гэж 682 сая ам.долларын санал ирүүлэв.
Харин Камбож улсад харьяалалтай Митайм Интернэйшнл ХХК нь дангаар төслийг хэрэгжүүлнэ гэж тендерт оролцжээ. Ингэхдээ ажлуудаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэхээр төлөвлөсөн байна. Үүнд,
- Зураг төсөл, төслийн менежмент, техникийн дэмжлэгийг БНХАУ-ын PowerChina Hebei Electric Power компаниар,
- Техникийн удирдлага, инженерийн үйлчилгээ үзүүлэгчээр БНХАУ-ын China Energy engineering group Heilongjiang energy engineering компаниар,
- Цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын найман компани нийлүүлэхээр тендерийн санал ирүүлсэн байна.
- Тус компани нь 598 сая ам.долларын үнийн санал, 669 сая ам.долларын тендерийн харьцуулах үнийн санал ирүүлжээ.
Ирсэн хоёр саналаас хамгийн бага тендерийн харьцуулах үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр Митайм Интернэйшнл ХХК-ийг шалгаруулан, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, наймдугаар сарын 16-нд албажуулжээ.
Тавантолгой ДЦС-ыг барих санхүүжилтийн нөхцөл
Тавантолгой ДЦС-ын төслийг хэрэгжүүлэхдээ төслийн 70 хувийг дараах баталгаагаар хангагдсан нөхцөлд гадаадын банкны зээл эсвэл санхүүгийн түрээсээр санхүүжүүлэхээр тендерийн материалд тусгажээ. Баталгаа нь,
- Зээлийн төлөлтөд хүрэлцэхүйц хэмжээтэй төлбөрийн дүнгээр Эрдэнэс Тавантолгой ХК-тай оффтейк гэрээ хийж, баталгаа гаргаж болно.
- Ашиглалт, засвар, үйлчилгээний гэрээг зээлийн эргэн төлөлтийн хугацаанаас багагүй хугацаагаар байгуулбал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэсэгчилсэн баталгаагаар санхүүжүүлж болно. Энэ тохиолдолд эргэн төлөлтийн баталгааны талыг Эрдэнэс Тавантолгой ХК, үлдсэн талыг Тавантолгой ДБС-ын хөрөнгийг барьцаалах хэлбэрээр гаргаж болно.
- Төсөл ашиглалтад орсноос хойш сар бүр төлөх төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх баталгааг хэрэгжүүлнэ.
- Баталгааны нэгдүгээр хүлээн авагч нь Митайм Интернэйшнл ХХК байх бөгөөд шаардлагатай тохиолдолд зээл олгох банкийг хоёрдугаар хүлээн авагчаар нэмнэ.
Митайм интернэйшнл ХХК-ийн тухай
Митайм Интернэйшнл ХХК нь Камбож улсын компани. Камбожийн улсын бүртгэлийн мэдээллээс харвал тус компани нь 2018 онд байгуулагджээ. Бүртгэлд барилга байгууламж барих, нураах /орон сууцны бус/, төрөлжсөн бөөний худалдаа, зураг төсөл боловруулах, инженерийн үйлчилгээ үзүүлэх, далан байгуулах, автозам болон төмөр зам барих, тоног төхөөрөмж түрээслүүлэх, үйлдвэрийн машин тоног төхөөрөмж суурилуулах чиглэлд үйл ажиллагаа явуулах эрхтэйг дурдсан байна. 2018-2022 онд Mitime (Cambodia) Co хэмээх нэртэй байсан бол 2023 оноос Mitime International болгон өөрчилжээ. Тус компани Камбож улсын нийслэл Пномпень хотод бүртгэлтэй байна. Компанийн ТУЗ-ийн даргаар БНХАУ-ын иргэн Тян Хаомин, захирлаар нь БНХАУ-ын иргэн Жао Жиэ ажилладаг.
Митайм интернэйшнл ХХК нь Монгол Улсад Митайм Монголиа ГХОХХК нэрээр ажилладаг байна. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар 2022 оны зургадугаар сард бүртгүүлсэн бөгөөд захирлаар нь толгой компанийн ТУЗ-ийн дарга Тян Хаомин ажилладаг аж. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд авто машинаар ачаа тээвэрлэх, эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх, бөөний худалдаа эрхлэхээр бүртгүүлжээ. Компанийн эцсийн өмчлөгч нь Тян Хаомин.
Митайм Интернэйшнл ХХК-ийн хэрэгжүүлсэн төслүүд
Митайм Интернэйшнл ХХК нь 2018 онд улсдаа бүртгүүлж байсан ч 2015 оноос эрчим хүчний төслүүдийг бүтээн байгуулсан гэж тендерийн материалдаа дурджээ. Тэдний хэрэгжүүлсэн төслийг танилцуулбал,
- 2015-2016 онд 974 сая ам.доллараар БНХАУ-д 2х350 МВт хүчин чадалтай цахилгаан станц
- 2015-2017 онд 1.3 тэрбум ам.доллараар БНХАУ-д 2х660 МВт хүчин чадалтай цахилгаан станцын өргөтгөл
- 2017-2020 онд 1.4 тэрбум ам.доллараар 1450 МВт хүчин чадалтай Синьий нүүрс, цахилгаан, хөнгөн цагааны нэгдсэн дулаан, эрчим хүчний хосолмол цахилгаан станц
- 2020-2021 онд 800 сая ам.доллараар БНХАУ-ын Нинжин дүүрэгт 300 МВт хүчин чадалтай нарны станц
Үүнээс гадна дараах төслүүдийг хэрэгжүүлсэн гэж холбогдох яаманд мэдүүлсэн байна.
Митайм Интернэйшнл ХХК-ийн борлуулалтын орлого
Он | Борлуулалтын орлого /ам.доллар/ |
---|---|
2018 | 88 сая 76 мянга |
2019 | 180 сая 323 мянга |
2020 | 309 сая 542 мянга |
2021 | 373 сая 575 мянга |
2022 | 426 сая 840 мянга |
Митайм Монголиа ХХК-ийн Монгол дахь үйл ажиллагаа
Тавантолгой ДЦС-ыг барих төсөл нь тэднийн Монголд хэрэгжүүлэх анхны төсөл биш. Тэд 2022 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэд Монголын Жэм интернэйшнл ХХК-тай хамтран Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр дээр баригдаж буй 30 МВт хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Митайм Монголиа ХХК нь Жэм интернэйшнл ХХК-д цахилгаан станцын барилга угсралтын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа аж.
Эрчим хүчний яам цаасан дээрх компанийг тендерт шалгаруулсан уу
Тендер ийнхүү амжилттай болж, манай улс орны томоохон төслийн нэг болох Тавантолгой ДЦС хөдөлж эхлэх нь үү гэтэл жинхэнэ асуудал хөвөрч эхэллээ.
Тендерийг сонгон шалгаруулж, Митайм Интернэйшнл ХХК-тай гэрээ байгуулахаар болсон ч Сангийн яаманд наймдугаар сарын 22-ны өдөр Тавантолгой ДЦС-тай холбоотой нэгэн гомдол иржээ. Тус гомдлыг тендерт өрсөлдсөн Моннис компанийн охин компани болох Майнс ап ХХК-аас гаргасан байна. Тодруулбал, уг гомдлыг гурван үндэслэлээр гаргажээ.
Нэг. Цаасан дээрх компани шалгаруулсан
Митайм Интернэйшнл ХХК нь 450 МВт-аас дээш хүчин чадалтай станц барьсан туршлагагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон. Компанийг судалж үзвэл, мөнгө угааж, залилан хийдэг байж болзошгүй байна гэжээ.
Хоёр. Хөрөнгөө хэрхэн босгох талаар бүрэн судлаагүй
Улсын хэмжээний том төсөл учир санхүүжилт ил тод, цэвэр байх ёстойг дурдаад Митайм Интернэйшнл ХХК энэхүү том төсөлд шалгарч их хэмжээний мөнгийг санхүүжилт хэлбэрээр оруулж ирэн мөнгө угаах эрсдэлтэй гэжээ. Ингэснээр манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад ч орох эрсдэлтэй юм.
Гурав. Тендерийн бичиг баримт нь үндсэн шаардлагыг хангаагүй
Митайм Интернэйшнл ХХК нь тендерт дангаар оролцсон бөгөөд туслан гүйцэтгэгч компанийг тендерийн оролцогч гэж тооцдоггүй аж. Гэтэл дангаар оролцож буй тус компани нь санхүүгийн чадварын хувьд, ажиллах хүчний хувьд, техникийн чадавхын хувьд шаардлага хангаагүй байх магадлалтай гэсэн гурван гол үндэслэлээр гомдол гаргасан байна.
Тендер дахин бүтэлгүйтэв
Сангийн яаманд ирсэн уг гомдлыг холбогдох нэгж шалгаж үзээд тендерт Митайм Интернэйшнл ХХК-ийг шалгаруулсныг есдүгээр сарын 5-ны өдөр хүчингүй болгожээ.
Тодруулбал, хоёр үндэслэлээр хүчингүй болгож, тендерт оролцогчдыг дахин үнэлэхээр болсон аж.
Нэгд, тендерт оролцогч нь сүүлийн таван жилийн санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын дүгнэлтийг хамт ирүүлэх ёстой. Гэвч захиалагч Эрчим хүчний яам энэхүү шаардлагыг хангасан гэж шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзжээ.
Хоёрт, Митайм Интернэйшнл ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг ирүүлээгүй байхад Эрчим хүчний яам нь ирүүлсэн гэж үнэлсэн байна. Үүнийг Сангийн яамнаас үндэслэлгүй гэж үзжээ.
Ийнхүү дөнгөж шалгараад байсан Митайм Интернэйшнл ХХК Сангийн яамны шийдвэрээр дахин үнэлүүлэхээр боллоо.
Тавантолгой ДЦС-ыг манай улс 2024 онд багтаан ашиглалтад оруулах учиртай ч юу юугүй хугацаа тулжээ. Энэ төсөл нь Засгийн газрын хариуцлага, бидний нүүр царай, чадамж харагдах том төсөл. Бид өөрсдөө станцаа барьж чадна гэж амлалт өгөөд уг төслийг Засгийн газар дааж авсан. Гэвч одоо хүртэл төслийг хэрэгжүүлэх компаниа сонгон шалгаруулж чадахгүй явна.