Э.Бат-Амгалангийн бие төлөөлөгч байсан Б.Болд эхнэртэйгээ гадны иргэнийг залилжээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо Э.Бат-Амгалан гишүүнд зөвлөж буй Б.Дэмбэрэлийг залилангийн хэрэгт нэр холбогдсон тухай мэдээлэл, шуум мэдээлэл дуулдаад байв.
Энэ тухай бид холбогдох эх сурвалжуудаас нягталж үзэхэд Э.Бат-Амгалан гишүүний зөвлөх Болдын Дэмбэрэл биш харин түүний бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Болд гэх залуу бололтой.
Тодруулбал, Э.Бат-Амгалан гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх Б.Болдын эхнэр П.Уянга нь өөрийгөө “Саяан жигүүр” ХХК-ийн захирал, Эмээлтэд байрладаг 726 м.кв ажлын байр, 480 м.кв ажилчдын байр, махны зоорьтой аж. 2023 оны хоёрдугаар сард П.Уянга, Б.Болд нар “Саяан жигүүр” ХХК-иараа Өвөрмонголын иргэнд БГД-ийн 20-р хороонд байрлах дээрх обьектоо махны зоорийн зориулалтаар түрээслүүлэхээр аман байдлаар зөвшилцөж, гэрээний нөхцлүүдээ ч тохиролцсон байна.
Тэд түрээсийн төлбөр 185 мянган юань авсан ч гэрээ байгуулаагүй, обьектоо ч түрээслүүлээгүй бөгөөд шалтгаанаа “Өөр хятадуудтай хамтарч ажиллахаар боллоо” гэжээ. “Мөнгөө буцааж авъя” гэхэд “Өөр Хятадуудтай хамтарч ажиллахаар болсон, хөрөнгө оруулалтын мөнгө удахгүй орж ирнэ, орж ирсэн мөнгө банканд гацсан байна…” гэх зэргээр хуурсаар удсан тул хохирогчид хуулийн байгууллагад ханджээ.
Өдгөө 100 орчим сая төгрөгийн залилангийн хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэр бүхий байцаагч дээр шалгагдаж байгаа аж.
Энэ тухай хэргийг шалгаж байгаа гэх мөрдөгчтэй холбогдож тодруулахад, “Үндсэн байцаагч нь амраад ороод ирэх хүртэл эл хэрэг над дээр байсан. Одоо үндсэн байцаагч руу нь шилжсэн. Б.Дэмбэрэл гэдэг хүн биш байсан” гэдэг мэдээллийг өглөө.
Харин хохирогчийн зүгээс “Байцаагчаас байцаагчийн хооронд дамжуулаад, шийдвэрлэж өгөхгүй удааж байгаа” гэсэн гомдолтой байгаа юм.
Батжаргалын Болд, Пүрэвсүрэнгийн Уянга нар нь “УИХ-ын гишүүний дэргэд ажилладаг, ажиллаж байсан…” гэх нэрээр гадны хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлж, компаниараа гэрээ байгуулна гэж элдэв обьект, үйлдвэр үзүүлэн хамтран ажиллах сонирхолтой гадаадын иргэдийг залилдаг байж болзошгүй байна.
-Эхнэр П.Уянга нь гурван охин компанитай-
5948959 регистрийн дугаартай “Саяан жигүүр” ХХК-ийг нь түүний эхнэр Пүрэвсүрэнгийн Уянга эзэмшдэг. Тус компанийг 2015 оны дөрөвдүгээр сарын 02-нд үүсгэн байгуулжээ. Хувь эзэмшигч хуулийн этгээдээр Хүньшэн гэх нэр бүртгэлтэй байснаа удалгүй нь хасагдсан байна.
“Элчит Минералс”: “Саяан Жигүүр”, Канадын иргэн Liu Sui Sheng Sammy, Ганбаатарын Ариунцэцэг, Агвааны Цэнгэлмаа
“Автобан”: Хувь эзэмшигч “Саяан жигүүр”, Гүйцэтгэх захирал Даваадоржийн Энхбаяр, эцсийн өмчлөгч Эрдэнэбаатарын Батзаяа
“Майпл дизайн”: Хувь эзэмшигч Хонгор-Эко, Саяан жигүүр компаниуд. Удирдах албан тушаалтан Төмөрхүүгийн Хандсүрэн
–Залилангийн хэрэгт холбогдсон эхнэрийнх нь компани БГД-т газар авсан нь shilen.gov.mn-д ил болжээ-
Тус компани Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 6,995м2 газрыг 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Засаг даргын захирамжаар авч байсан нь shilen.gov.mn сайтад ил болжээ.