Хятадын “Чайна Энержи”-гийн захидал ба “Монгол ялав” мессеж

0

2015 онд төрийн өмч дэх Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг монголын хувийн хэвшил, гадныхны хамтарсан консерциумд 100 жилээр ашиглуулах, 2016 онд 400 сая ам.доллараа зарах хувилбарууд яригдаж байв.

Тэгвэл Тавантолгойгоо бараг л тавиад туучих гээд байсан үеэ бодвол өнөөгийн Засгийн газар харьцангуй сайн санал авч, мухар төмөр замуудаа цэгцэлбэл “Монгол ялна” мессежид ойр байгаа гэх яриа хөврөх болов.

Энэ нь Хятадын “Чайна Энержи”-гээс саяхан Ц.Туваан сайдад хаяглаж ирүүлсэн 2024.10.28-ны өдрийн захидлын агуулгатай холбоотой юм. Улс төрийн хөшигний ард ихээхэн анхаарал татаж буй уг захидлын агуулгыг хүргэж байна.

Захидалд дурдсан голлох агуулгыг товчилбол, “Чайна Энержи” компани нь,

  • Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн.
  • Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын ӨРГӨН, НАРИЙН төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулахаар байна.
  • Монголын талтай өргөн, нарийн царигийн асуудлаар МАРГАХГҮЙ, улс төрийн бодлогыг нь хүндлэн үзсээр ирэв. Цаашид ч ийм байдлаар хандах болно гэсэн байр сууриудыг голчлон онцолжээ.

Захидалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлэхдээ Гашуунсухайт тэргүүтэй “мухар” төмөр замуудыг холбох асуудлыг нэгдүгээрт жагсаасныг онцолж, тодорхой нөхцлүүдээр хамтран ажиллахыг санал болгосон байна.

“Чайна Энержи” хүсэлтүүдийг базаж бичвэл,

  • Нэг. ЭТТ-той 16-20 жил үргэлжлэх гэрээ байгуулж, 2025-2029 онд 27 сая тонн2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол авах,
  • Хоёр. Нүүрсийг монголын биржийн үнээр бус, “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг тогтоож байх,
  • Гурав. Нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Чайна Энержи” нөөц нь их хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийж, худалдан авалт хийх,
  • Дөрөв. Хятадын тал зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах бөгөөд чанарын зөрүүг олон улсын жишгийн дагуу шийдвэрлэх агуулгууд багтсан байна.

Захидалд дурдсанаар, Хятадын “Чайна Энержи” нь 310 мянган ажилтантай, нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд юань. Өөрийн төмөр замын тээврийн хүчин чадал жилд 600 сая тонн аж. Энэ нь манай төмөр замаар тээвэрлэх 20 сая тонноос даруй 30 дахин өндөр үзүүлэлт юм.

Нэг ёсондоо ирээдүйд тэд өөрийн төмөр замаараа тээвэрлэх нийт нүүрснийхээ 3.3 хувийг л монголоос авах боломжтойгоо мэдэгдсэн байна.

Энэ 3.3 хувийн нүүрсээ монголоос татахын тулд хоёр уурхайн шинэ талбайд өөрсдийн зардлаар олборлолт хийх санал тавьжээ. Манай улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Харин “Чайна Энержи”-гийн хамтрах ЭТТ маань 2024 оны аравдугаар сард 12.2 сая тонн нүүрс экспортолсноос 8.3 нь сайн чанарын коксжих нүүрс байжээ.

Утгачилбал, Хятадын талаас ЭТТ-г “Дангаараа 20 сая тонн сайн чанрын коксжих нүүрс жилдээ гаргаж чадахгүй тул бид хоёр уурхайд олборлолт хийж өгье” гэж тулгаж буй өнгө аяс харагдана.

Захидлынхаа төгсгөлд “Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна Энержи” групп өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болон холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй болно” гэж онцолжээ.

2015 онд Тавантолгойн бүлэг ордыг 100 жилээр ашиглах нөхцөлөөр Монголын “Энержи Ресурс”, Японы “Сүми­томо”, Хятадын та­лаас “Шинхуа” нарын хамтарсан концерциумтай хөрөнгө оруулалтын гэрээ зурах шахаж байв, Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Гэрээг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс нэхэж, улмаар УИХ-ын 40 гишүүн нэгдэж эсэргүүцсэнээр М.Энхсайханы санаачилга бүтэлгүйтсэн түүхтэй.

Дараа нь, 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед мөн уг консерциум тендерт ялсан хүсэлтээ сэргээж, 400 сая ам.доллараар Тавантолгойн бүлэг ордыг худалдаж авах, эсвэл өмнөх парламентын үед яригдаж байсан гэрээг зурах асуудал хөндөгдөж, сайд агсан Ц.Дашдорж уг мэдээллийг баталгаажуулж байсан удаатай.

Энэ үеүдээ бодвол монголчууд өөрсдийнхөө барьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 260 км төмөр замуудыг ирэх жилүүдэд ашиглаж, эдийн засгаа тэлнэ гэсэн эерэг дүр зураг харагдаж байна.

Ингэснээр өнөөх муу нэр, луу данстай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Монгол ялна” мессеж нь хятадтай одоо нэг учраа олбол биеллээ олж эхлэх нь үү гэсэн хүлээлт үүсгэлээ. Хятадууд түүний өдүүлсэн өргөн, нарийн царигийн маргааныг “найрсаг харилцаагаа хүндэтгэн үзэж” хэмээх үгээр хулдаж, огт буруутгахгүй байгаагаа илэрхийлжээ.

Одоо Засгийн газрын самбаа, УИХ-ын хяналт хийгээд хэт популизмд автахгүй байх олон нийтийн хандлагаас цаашдын ажлууд нь хамаарна. Ямартай ч “Чайна Энержи” хүслээ маш тодорхой илэрхийлжээ. Монголчууд харин эдийн засгаа тэлэх боломж дээрээ хэр нэгдэх нь үү. Өнгөрсөн 16 жилийн улаан хэрүүлээ үргэлжлүүлэх үү гэдгийг ирэх өдрүүд харуулах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *