Ө.Эрдэнэ-Очир: Сайд Ц.Даваасүрэн “Авлига хороолол”-ын барилгыг зогсоох шийдвэр гаргасан ч, хэрэгжүүлэх арга хэмжээ авахгүй байгаа
Голын голдиролд баригдсан “Авилга хороолол” гэгдэх “Аqua garden” хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж, барилгын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн шийдвэр гараад байгаа билээ. Гэтэл барилгын ажил нь өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд “Эм энд Жи” констракшн ХХК нийслэлийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа.
Тэгвэл тухайн асуудал хэрхэн үргэлжлэх, “Аqua garden” хотхоны Захиргааны хэргийн шүүхэд өмнө нь үүссэн хэргийн талаар “Онч шийдэл” ТББ-ын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
Тэрбээр “Хүрээлэн буй орчны асуудлаар стратегийн өмгөөлөл хийнэ гэж шийдсэн үед “Акуа Гарден” хорооллын асуудал анх хөндөгдсөн. Маргаан, шүүмжлэлтэй холбоотойгоор баримтуудыг нягтлахад Усны тухай хуулийг ноцтой зөрчсөн байсан. Тодруулбал, хориглосон бүс, хязгаарт газар эзэмшээд зогсохгүй барилга байгууламж бариад эхэлсэн байсан. Зөвхөн шүүмжлээд өнгөрөх бус тодорхой үр дүн гаргая гэдэг үндсэн дээр харьяа байгууллага болох нийслэлийн Хот хөгжлийн газрын даргын баталсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулгахаар гомдол гаргасан. Биднийг гомдол гаргах үед асуудал зөвхөн нийслэлийн хэмжээнд байсан.
Компанийн хувьд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлж долоон давхар хүртэл угсралт хийсэн байлаа. Хэрэг үүссэнээс хойш холбогдох баримт бичгүүд дахин батлагдсан гэх мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид авсан. Ингээд хариуцагч байгууллагаар Барилгын хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамыг татсан. Шүүхийн журмаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг яамнаас авахуулсан. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд барилга барьж буй үйл явцыг зогсоох тухай хүсэлт буюу барилгын яамнаас олгогдсон зөвшөөрлийг цуцлах тухай хүсэлтийг аравдугаар сард гаргаж байх үед ч цутгалтын ажил нь үргэлжилж байсан.
Энэ үед шүүх манайхаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй хугацаа алдсан.
Дараа нь манай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Хүлээж авахаас татгалзсанаас хойш буюу өнгөрсөн гуравдугаар сард бид дахин нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгүүлж чадсан. Хэрэг үүсгүүлсний дараа дахин тавдугаар сард барилгын ажлыг зогсоох тухай хүсэлтийг гаргасан. Учир нь Усны онцгой хамгаалалтын бүс гэдэг нь нийтийн эдэлбэр газар. Бид бүгдээрээ чөлөөтэй ашиглах газрыг нэг компани хашаалж орон сууц бариад зарах гэж байна. Мөн ус татрах, ширгэх, бохирдуулах аюул нөхцлийг бий болгож байна. Нөгөөтээгүүр тухайн барилгад ч эрсдэлтэй байсан” гэв.
-“ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН”-Ы ГАЗРЫГ ҮЕРИЙН УСНААС ХАМГААЛАХ ЗОРИЛГООР НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ДАЛАН БАРЬСАН-
Мөн тэрбээр Эм Энд Жи констракшн” газрыг үерийн уснаас хамгаалах зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр далан барьж өгсөн гэдгийг онцоллоо. Энэ талаар “НИТХ-ын 2008 оны тогтоолоор “Эм Энд Жи констракшн” компанид тус газрын эзэмших эрхийг олгохдоо компанийн өөрийнх нь хөрөнгөөр үерийн далан бариулах нөхцлийг тавьсан байдаг.
Гэтэл тэр даланг “Эм Энд Жи констракшн” компанийн бус нийслэлийн төсвөөс санхүүжүүлээд 2012 онд барьчихсан.
Тэгэхээр “Эм Энд Жи констракшн” газрыг үерийн уснаас хамгаалах зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр далан барьж өгсөн гэсэн үг. Нийслэлийн төсвөөс далан барихдаа дунд голын үндсэн урсацыг өөрчилсөн. Мөн нэг салааг хаасан. Салааг хаасан нь үер болох нөхцлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Учир нь ус ай саваа давахад салаагаар урсах ёстой шүү дээ. Энэ бүгдийг өнгөрсөн зургаа, долдугаар сарын бороо иргэд болон албан тушаалтнуудад ойлгууллаа шүү дээ. Гэтэл бид аль жилийн өмнө нэхэмжлэл гаргачихсан байсан. Бид ойлгуулж чадаагүй ч байгаль ойлгуулсан. Гэхдээ хожимдсон ч алдаагаа засах оролдлогыг хийж байна” гэсэн юм.
-“АКУА ГАРДЕН” ХОРООЛЛЫГ БУУЛГАХЫГ ХҮСЭЭГҮЙ ЮУ, ПРОЦЕССЫН АЛДААТАЙ, АСУУДАЛТАЙ ХҮНД АРГА ЗАМЫГ СОНГОЛОО-
Харин барилга барих зөвшөөрлийг цуцалсан гэх Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн үйлдлийн талаар тэрбээр доорх тайлбарыг өгсөн юм. Тодруулбал,“Бидний 2022 оны долдугаар сараас хойш хөөцөлдсөн барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг сая л Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн гаргалаа. Өөрөөр хэлбэл, Усны онцгой хамгаалалттай бүсэд 50 метр дотор барьсан барилгуудыг буулган нураах тухай шийдвэр гаргалаа гэж сая танилцуулсан. Шууд буулгана гэдэг шийдвэр гаргахаар тухайн компани шүүхэд маргана. Гэтэл үнэхээр тухайн обьектыг барих болон газар олгосон өөрийнх нь шийдвэр хууль бус байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол “Онц шийдэл”-ийн нэхэмжлэлийн шаардлага дээр зөвшөөрөх, тэр хэсгийг нь биелүүлэх боломжтой байсан ч тэгээгүй. Үнэхээр эрх бүхий албан тушаалтнууд энэ барилгыг буулгахаар шийдвэрлэсэн бол “Онц шийдэл”-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрсөн тайланг өгөөд явбал энэ хэрэг хурдан шийдэгдэнэ.
Нөгөө компани дахин шүүхэд хандах процессыг үүсгэхгүй байсан. Үнэхээр буулгахыг хүсээгүй юу. Ямартай ч процессын алдаатай, асуудалтай хүнд арга замыг сонголоо. “Эм Энд Жи констракшн” компани хоёр хоногийн өмнө л нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэрэг үүсгэх эсэх нь шийдэгдээгүй. Энэ нь шийдэгдээгүй байхад л шүүгчийг сошиалд бүүлээд эхэллээ. Барилгыг буулгах шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлтийг компани мэдээж шүүхэд гаргана шүү дээ. Барилгыг буулгах шийдвэрийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарлаа гэхэд энэ хэргийг шийдэж дуусах хүртэл барилгыг буулгах процесс зогсоно. Энэ хугацаанд барилга нь ашиглалтад орох вий дээ. Барилгыг буулгах захирамжийг танилцуулах үеэр захиалагч нарын эсэргүүцэлтэй тулгарна. Улсын комисс хүлээж аваагүй байхад л айлууд байрандаа орчихдог. Тэгэхээр гэртээ амьдраад эхэлчихсэн хүмүүс бүр л буулгуулахгүй шүү дээ. Асуудал илүү л хүндрэх байх. Ер нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн барилгыг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч шийдвэрийнхээ биелэлтийг хангуулж ажиллуулахгүй байна.
Барилгын сайдын түдгэлзүүлсэн зөвшөөрөл нь гурван барилга дээр яригдаж байгаа. А, Б, Г гэсэн гурван барилга бий. Гэтэл тэнд таван барилга баригдаж байна. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Аль байшин нь зөвшөөрөлтэй юм. А, Б, В гэдэг нь аль байшин юм. Аль нь зөвшөөрөлгүй юм эсвэл өөр зөвшөөрөлтэй юм гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Ямартай ч хууль хэрэгжихгүй байна.
Усны онцгой хамгаалттай газар нутагт барилга байгууламж барих ёсгүй. Хуулиа хэрэгжүүлэх ёстой.
Хууль зөрчөөд барилга барьдаг. Дараа нь “Нэгэнт баригдсан барилга юм чинь буулгахгүй” гээд буулгадаггүй жишиг хэвээр үлдвэл Монголд хэн ч хуулийг мөрдөхгүй. Яаж, ийж байгаад барьчихье. Дараа нь “Миний өмч” гэж хэлээд л уйлагнаад сууж байя гэнэ. Хууль бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах анхны нөхцлийг бүрдүүлэхээр батлагдсан. Байгаль орчин талаасаа далангийн алдааг засах, барилгыг буулгах ёстой, голын хуучин гольдрилын далангийн хэсгийн өөрчлөх ёстой, хуучин хэвэнд нь оруулах ёстой. Ингэж байж дараа, дараагийн үер усны гамшиг, үүсэх хохирлоос хамгаалж чадна. Шүүх захирамжаа буруу гаргасан гэж байгаа бол буруу л гаргасан гэсэн үг. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Бүтэн нэг жил өнгөрлөө шүү дээ. Энэ барилга хууль бус гэдгийг тогтоолгох ёстой. Зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын шийдвэр буруу юм гэдгийг албан ёсоор тодорхой болгох ёстой юм” гэлээ.