Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

0

“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.   Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл болон БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй  зочид, төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцов.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Өнгөрсөн түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийг хойч үедээ танин мэдүүлэх, дахин түүхэндээ давтахгүй байх үүднээс жил бүр иргэддээ зориулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. ЗСБНХУ-д их хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэнд зориулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод байгуулж байсан. Гэвч ар гэрийнхэн нь тэр бүр очиход хүндрэлтэй учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комисс хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг байгуулсан” гэлээ. Үргэлжлүүлэн Монгол улс хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлын хүрээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийллээ.

“Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум “Хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон иргэд болон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Солонгос орон, ялангуяа манай Чэжү арал дээр Америйн цэргийн том нөлөөлөл байсан. Тухайн үеийн Солонгосын шилжилтийн Засгийн газрын оролцоотой цэрэг болон цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа явуулж олон мянган иргэнийг хэлмэгдүүлж устгасан түүх байдаг. Харин монголчуудын хувьд тэргүүн зэргийн удирдагч, манлайлагчид, нийгэм улс төрийн зүтгэлтэн, элит давхаргын хүмүүс нь хэлмэгдэж байсан юм байна. Энэ дурсгалын чухал өдөр ижил сургамж, гашуун түүхтэй ард түмний төлөөлөл болж зүрх сэтгэлээ хуваалцъя, эмгэнэл илэрхийлье хэмээн зорьж ирсэн юм” хэмээв.

Эдгээр өдөр Монголд ажлын айлчлал хийж буй БНСУ-ын өөртөө засах тусгай муж Чэжүгийн “Чэжү 4.3 Энхтайван Сан”-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчид маргааш “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ийн Түүх” тусгай үзэсгэлэнг  нийтийн хүртээл болгох аж. Тус сан нь хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, нэр төрийг  нь сэргээх зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *