Б.Ганхуяг: Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй

0

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Шүүгдэгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09:30 цагт эхэлсэн ч 13:30 цаг хүртэл түр хойшилсон. Учир нь, шүүгдэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзсан тул шүүх хурлыг түр хойшлуулсан билээ. 

Тэгвэл Ерөнхий шүүгчээс татгалзсан шүүгдэгч Б.Ганхуягийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүний зөвлөгөөн хүлээж авахаас татгалзаж, шийдвэрлэжээ. Энэ талаар Ерөнхий шүүгч Б.Халиун “Зөвлөгөөнд долоон шүүгч оролцсон. Миний бие тайлбарыг хэлж, гомдлыг танилцуулсан. Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг санал авахгүйгээр хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн” гэлээ. 

Энэ үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг “Монгол Улсын хууль, шүүх засаглал хараат бус байх, тунгалаг байх зарчмыг л яриад байна. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж гарч ирсэн. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг зүйл гарч ирээд байна. АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ, барьцаалагдаагүй гэдгийг яаж мэдэх юм. Энэ нөхцөлд та бид хоёр адилхан болчихоод байна, шүүгч ээ. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тэр бичгийг харчих юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Намайг болон 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо шүү дээ. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Энд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би үгээ хэлмээр байна, танд итгэмээр байна. Надтай халз найзалсаны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэр надтай найзалсан 76-г бүгдийг нь аваад ир. Энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлийнхэн гадаа байгаа. Энэ бүгдийг яримаар байна, гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна. Намайг жагсаалаар оруулж ирсэн, 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаараа байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Дээр нь, би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй болохоор тэр ” хэмээн ярилаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *