AIF: Монголчууд орос хэлээр ярьдаггүй, дэлгүүрт рубль авдаггүйд оросууд дургүйцдэг

0

Аргументы и факты сонины сурвалжлагч Монголд аялан, манай улсад амьдарч, аялж буй Оросын иргэдтэй уулзан, амьдрал ахуйг нь сонирхжээ. Монголд амьдарч буй орос иргэдийн сэтгэгдлийг сонссон Георгий Зотовын сурвалжлагыг орчуулан хүргэж байна. 

“АНУ, Монгол хоёр хиллэдэг гэж эндүүрсэн нь”

Улаанбаатарын нэгэн хямдхан зочид буудалд би 30 настай Никитатай таарсан юм. Тэр манай өрөө байх давхарт мөн амьдарч байгаа аж. Челябинскаас ирсэн Никита өдрийн 20 доллараар халуун ус, жорлонгүй өрөөнд амьдарч, өдөрт лаазалсан хүнсээр хооллож байгаа гэнэ. Хэл мэдэхгүй, англиар ганц хоёр үг л мэднэ. Түүний газарзүйн мэдлэгийг сонсоод би ихэд цочирдов, тэр Монголоос АНУ руу амархан хүрчхэж болно гэж боджээ. АНУ руу шүү…

“Тэгээд энд ирсэн чинь эндээс маш хол нисэх шаардлагатайг мэдсэн. Америкийн хил хажууханд л байгаа гэж бодсон юм” хэмээн Никита ярих аж. 

Никита Монголд ажил олж чадсангүй, авч ирсэн мөнгө нь ч дуусаж. Сүүлийнхээ мөнгөөр Мексик орох тийз худалдан авчээ. Тэндээсээ АНУ руу нэвтрэхээр төлөвлөж байгаа гэнэ.

“Тэндээс хууль бусаар нэвтэрч болдог гэж би сонссон. Дараа нь хоргодох байр, тэтгэмж өгнө, ажиллах ч хэрэггүй” гэж тэр хэлэв. Би санаа алдаад “Тэнэг юм даа, чамайг шоронд суулгачихна шүү дээ” гэхэд минь өөдөөс инээмсэглээд “Үгүй, Америк хүн бүрийг хүлээж авдаг, Юүтүбээс үзсэн юм” гэх нь тэр.

Сүүлийн жил хагасын хугацаанд Оросын олон мянган иргэн, ихэвчлэн Сибирь, Буриадаас Монголыг зорьжээ. Гэвч тэдний хувь заяа тийм ч амархан байсангүй

“Уур, дургүйцэл хүргэдэг “

Өдгөө 25 нстай Юлия Корсакова өнгөрсөн оны намар нөхөртэйгээ хамт Монголд иржээ. Улаан-Үдээс явахад амар байв, автобусанд суулаа 10 цаг яваад л Улаанбаатарт ирчихнэ. Монголд 30 өдөр визгүй байж болно.

“Би ирээд бүр үнэхээр гайхсан. Залуусын дунд оросоор ярьдаг хүн гэж бараг байхгүй, гэтэл энэ чинь манай хөрш орон шүү дээ! Өвөл маш хүйтэн, Сибириэс ч долоон дор. Гурван давхар хөнжил нөмрөөд чичрээд л байж байдаг. Оросын хүнс бий, манайд үйлдвэрлэсэн хиам, бяслаг, шүүс гээд л. Гэхдээ л дасал болсон хүнсээ авахад тийм ч амар биш. Би гахайн маханд дуртай, харин энд үнэтэй, хонины мах хаа сайгүй, тэр нь муухай үнэртэй. Маш олон монгол хүн гэрт амьдардаг, энэ нь уур, дургүйцэл төрүүлдэг. Бурхан минь, XXI зуун болчхоод байхад тэд гэрт амьдраад, нүүрс түлээд л байж байдаг! Таиланд руу цагаачилмаар байгаа ч бидэнд мөнгө алга. Казахстан руу явж магадгүй, гэхдээ мөн л мөнгө хэрэгтэй. Энд гудамжинд рубль сольдог нь сайн хэрэг” хэмээн Юлия ярьсан юм.

“Рубль авдаггүй нь уур хүргэдэг”

Одоо 23 настай Роман Садиков жилийн өмнө Новосибирскээс Улаанбаатарт иржээ. Түүнд энд юу ч таалагдахгүй байгаа гэнэ.

“Мөнгө олох ямар ч боломжгүй. Энд ажилд орох амархан биш. Машин аваад, хууль бусаар такси үйлчилгээнд явж болох л юм, энд олон хүн тэгэж амьдардаг. Google дээр чиглүүлэгч асаалаа, тэгээд л асуудалгүй явчихна. Гэвч би монгол ч, англи ч хэл мэдэхгүй, тэгэхээр хэцүү. Монголд карт авна гэдэг хэцүү. Дэлгүүрт рубль авдаггүй, төгрөг л нэхдэг. Энэ нь үнэхээр уур хүргэдэг, тэдний валют хэнд хэрэгтэй юм? Монгол яг гадаад орон шиг л санагдсан. Дэлгүүрт нь “адууны сүү” (shuud.mn: саам, айргийг хэлж) зардаг, аймшигтай.  Одоо Европ, Америк явмаар л байна, гэвч хэл усгүй болохоор цаашид яахаа мэдэхгүй байна” хэмээн Роман ярьсан юм.

“Борщ хараад уйлсан”

Өдгөө 32 настай Михаил Шаравин Монголд ирээд 1,5 жил болжээ. Одоо тэрбээр өөр тийш явах талаар бодож эхэлсэн гэнэ. 

“Энд хүмүүсийн хандлага огт өөр. Тэд оросуудад сайн ханддаг, хүндрэлтэй асуудал гардаггүй, монголчууд их найрсаг хүмүүс. Гэхдээ л тэд чинь бид биш шүү дээ. Орон сууц маш үнэтэй, гэхдээ одоо Киргиз, Гүрж, Казахстанд ч байр үнэтэй байгаа л даа. Монголд халаасны хулгай их, гар утастай явж байгаа бол гартаа бариад л явах хэрэгтэй. Хүнсний тухайд гэвэл би KFC-ээс хооллодог. Энд олон хоолны газарт “нийслэл” салат, винегрет, борщ өгдөг. Ямар муухай хийдэг гэж санана, би бүр уйлж байсан” хэмээн Михаил ярьсан юм.

“Гадны хүн шиг харагддаггүй”

Оросуудын хувьд Монгол ийнхүү таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол Монголд суурьшсан буриадуудад талын энэ орон ихээхэн таалагдаж байгаа аж

“Би монгол хэл сайн ойлгодог, манай хэлтэй маш адилхан. Хүнс хоол ч дасал болсон, эндэхийн маханд их дуртай, хонины мах нь үнэ хямд, маш амттай. Би буддын шашин шүтдэг, энд хаа сайгүй сүм хийд бий, Хятадад үйлдвэрлэсэн чанартай бараанууд ч бий, хувцас авахад ямар ч асуудалгүй. Одоо Монгол руу буриадууд бүгдээрээ л дэлгүүр хэсэж, цахилгаан бараа, хоригт орсон бүтээгдэхүүнийг хямд авахаар ирж байна шүү дээ. Энд намайг монгол хүн л гэж боддог, тиймээс би гадны хүн шиг харагддаггүй.  Энд ирчхээд Монголыг таалахгүй байгаа хүмүүст хэлэхэд “хүмүүс ээ, энэ бол өөр орон. Та нар энд зочноор ирсэн, харин тэд танайд оччихсон юм биш. Та нарт тааруулаад монголчууд соёл, уламжлалаа өөрчилнө гэж байхгүй” хэмээн Улаан-Үдээс ирсэн, 26 настай Анастасия Бадмаева ярьсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *