“Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026 онд ашиглалтад орж, 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана”
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах явцад үүсээд байсан гацааг арилгах, Ерөнхий сайд тус үйлдвэрт ажиллах явцад гаргасан зарим шийдвэрийг хэлэлцэн баталгаажуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан доорх мэдээллийг өглөө.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт 2016 онд Энэтхэгийн талаас 1 тэрбум ам.долларын зээл өгөхөөр амласнаар эхэлсэн. Ингээд 2019 онд УИХ-аар 1 тэрбум 236 сая ам.доллар буюу ТЭЗҮ-д заасан санхүүжилтийн дагуу зээлийг баталсан. Гэвч энэ зээл батлагдмагц ковидын нөхцөл байдлаас үүдэж, бүтээн байгуулалт саатсан.
Ингээд энэ оны нэгдүгээр сар гэхэд 1 тэрбум 236 сая ам.доллараас дөнгөж 112 сая ам.долларыг л манай тал авч хэрэглэсэн. Гэтэл гэрээгээр энэ оны нэгдүгээр сараас бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 112 сая ам.доллар авсан ч энэ оны нэгдүгээр улиралд багтаагаад 64 сая ам.долларын үндсэн зээл хийх цаг хугацаа болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 хэсэг бүтээн байгуулалтын ажил нь зөвхөн EPC-1-ээсээ шалтгаалаад санхүүжилт хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, манай яам зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаж, Энэтхэгийн “Экзем” банктай 5 сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Монгол суугаа Энэтхэгийн Элчин сайд бидэнтэй сайн хамтарч ажилласны хүчинд гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж чадсан.
Энэтхэгийн Засгийн газартай байгуулсан эхний гэрээг шинэчлэн энэ оны наймдугаар сард хоёр талаас баталгаажуулсанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг EPC-1, EPC-2, EPC-3, EPC-4 ажил тус бүр дээр нь хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, тус тусад нь зэрэг санхүүжилтээ хийгээд ажлаа явуулах боломжтой болсон. Ялангуяа EPC-4 гэсэн тодорхойгүй байсан ажил дээр батлагдсан 236 сая ам.долларын хүрээнд гэрээгээ хийгээд ажлаа хийх шийдвэр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотойгоор тодорхой хэмжээний зөрүү дүн гарч байгаа учраас УИХ-ын намрын чуулганаар батлуулж, ажил саадгүй үргэжилнэ. 2026 оноос эхний байгууламжууд ашиглалтад орж 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо.
Монголын талаас 250 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа.
Үйлдвэрийг барих ТЭЗҮ-д өөрчлөлт орсон болохоос гарах бүтээгдэхүүний хэмжээнд өөрчлөлт ороогүй гэдгийг хэлье” гэв