Нийтийн тээвэрт хуучин автобусыг шинэ гэж нийлүүлжээ

0

Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд дунджаар 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ оноос 420 тэрбумыг зарцуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирж, ирэх он гэхэд нийтийн тээвэрт парк шинэчлэлт бүрэн хийгдэж, хангалттай хэмжээнд хүрэх талаар “Түгжрэлийн” сайд мэдэгдсэн. Нийслэл түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд бонд хүртэл гаргахаар ажиллаж байна. Тэгвэл байнга төрөөс татаас авдаг ямар ч ашиггүй гэж гомдоллож ирсэн энэ салбарт хуучин автобус нийлүүлэн төсвийн мөнгөнөөс завшсан хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Тодруулбал, “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан нь тогтоогджээ. Өмнө нь, төмөр замын зүтгүүрийн оныг өөрчлөн өндөр үнээр худалдан авч байсан бол энэ удаад нийтийн тээврийн автобусын оныг өөрчлөн шинэ гэж төрд нийлүүлсэн хэрэг гарсан аж. Уг автобуснуудын арлын дугаарыг шалгаж үзэхэд хуучин автобус болох нь тогтоогдсон аж.

“Эрдэм транс” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобусуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг, шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Энэхүү компани нь 2020 онд мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж автобус нийлүүлсэн хэрэгт шалгагдаж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *