Нийтийн тээврийн татаас нэмэгдсэн ч орлого нь буурчээ
Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжтой гэдэг ч жил ирэх тусам тус салбарт нийслэлээс өгч буй татаас нэмэгдэх болжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн тайлбараар бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжирдаггүй. Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж. Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр иржээ. Тухайлбал, 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн аж. Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийддэг байдалдаа цэг тавьж, өөрсдөө орлого бүрдүүлэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстой” гэдгийг мэдэгдээд байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөрөө төлж байгаа бол зургаа нь төлбөр төлөхгүй, эсвэл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчдог гэсэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдээс ирж байгаа энэхүү мөнгөн урсгалыг сааруулж, төсвийн алдагдлыг бууруулах арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн даалгавар өгөөд буй аж.