ЭМЯ: Талийгаач С.Алунгуа гурван хүнд амьдрал бэлэглэж, 10 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан

0

Талийгаач С.Алунгуагийн асуудлаар ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Д.Баярболд: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ-наас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мэдээллийг бид өчигдөр л авлаа. ЭМ-ийн сайдын баталсан дүрэм, журам болон Донорын тухай хуулийг дагаж мөрдөж үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Эхний авсан мэдээллээр, ЭМ-ийн сайдын 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар тушаалд “Донороос эд, эрхтэн авах, шинжлэх болон боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах тухай” журмыг баталсан. Энэ журмын дагуу явагдсан эсэхийг тогтооно. Эхний ээлжид холбогдох газрууд буюу Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, ГССҮТ-ээс холбогдох мэдээллийг авч байна. 

Одоогоор хэн нэгэн алдаа гаргасан эсэхийг тогтооход эрт байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэнэ.  Талийгаачаас элэг, бөөр, шөрмөсийг нь авна гэж гэр бүлээс нь зөвшөөрөл авсан байна. Энэ процессийг ойлгуулж, таниулах үйл ажиллагаа нь өөрөө төвөгтэй нөхцөлд явагддаг. Тиймээс ойлголцлын асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. 

Талийгаач С.Алунгуа гурван хүнд амьдрал бэлэглэж, 10 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан сайхан мэдээ байна. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоосон.  Энэ тогтоолын хоёрдугаар зүйлд “Амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг гурван сая таван зуун мянган төгрөгөөр тогтоосугай” гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоосон. Тогтоолд тэтгэмжийг ар гэрт олгохдоо 36 сар эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай гэж зааснаас үүдэж өнөөдөр талийгаачийн гэр бүлд тэтгэмж олгогдоогүй байгааг эргэн харж, энэхүү заалтыг эргэн харж, хуулийн өөрчлөлтөд тусгахаар санал боловсруулж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *