“Нөхөр минь бусдын гарт амиа алдсан нь удахгүй тодорхой болно”
Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу шивэрт” рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн зургадугаар сард та бүхэн шинжээчид болон хуулийн байгууллагынханд хандаж гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг шалгах явцад дорвитой өөрчлөлт гарав уу?
-Бид хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий шалгуулах хүсэлтүүд болон тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтад шинжилгээ хийж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэж прокурорын зүгээс тайлбар хийж, татгалзсан хариу өгч байгаа нь хэргийг зориудаар удаашруулж, хугацаа алдуулж, нотлох баримтын ач холбогдлыг бууруулж байна гэж харж байна.
Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч удаа дараа санаатайгаар мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж байсан. Тэр нь ч тогтоогдож арга хэмжээ авч, хариуцлага тооцож, тухайн мөрдөгчийг хэргээс татгалзуулан гаргасан. Дахин шинээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Мөн өмнөх прокурор нь ч бас солигдсон. Хэрэг гарснаас хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч хийгдсэн ажиллагаа маш хангалтгүй байгаа талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэлж байсан. Би хэвлэлийн бага хурал хийсний дараахан М.Чинбат прокурортой уулзсан юм. Хуулийн байгууллага бодит үнэн байдлыг тогтоож шалгах ёстой байтал зөвхөн өндрөөс унаж нас барсан байдлаар хэт талыг барьж ажиллаад байгааг бид хөндлөнгийн нөлөө орж байна гэж хардаж байна. Одоог хүртэл өндрөөс унаж нас барсан гэх таамаглалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа юм. Тиймдээ ч үүнийг тодорхой болгож нотлох зорилгоор өндрөөс унасан гэх нөхцөл байдалд физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг оролцуулан дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
ДҮГНЭЛТ ГАРГАХАД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭМЧ НАРЫГ ОРОЛЦУУЛСАН
-Гурав дахь удаагийн шинжээчийн багт ямар, ямар хүмүүс багтав. Комиссын бүрэлдэхүүнд орох хүмүүсийн дунд шаардлагагүй чиглэлийн мэргэжилтнүүд багтсан гэв үү?
-Одоогоор бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийгдэж байгаа. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр дахин шинжилгээ хийх тогтоол гараад долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгдэж байна. Бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлөөс тав, Шүүх шинжилгээний ерөнхий газраас хоёр шинжээч эмч шинжилгээ хийж эцсийн байдлаар дүгнэлт гаргана.
Хамгийн гол нь шинжээчийн бүрэлдэхүүнд Нүүр ам судлал, Дотрын анагаах судлал, Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл зэрэг дүгнэлт гаргахад ач холбогдолгүй эмч нарыг оролцуулсан.
Учир нь талийгаач минь архаг хууч өвчин, болон цус алдалтын шок болон амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлж чадаагүй нөхцөл байдлаас шалтгаалан амь нас нь эрсдээгүй тул эдгээр салбар зөвлөлийн эмч нар талийгаачийн биед үүссэн гэмтэл, эмгэг өөрчлөлтийн талаарх дүгнэлт гаргахад тусгай мэдлэгийн хувьд хязгаарлагдмал тогтоолд тавигдсан асуултуудад шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргах чадамжгүй гэж үзэж байна. Харин шинжээчийн дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий салбар зөвлөл нь Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Гэмтэл согог судлалын салбар зөвлөл юм. Талийгаач нь 100% гэмтлийн шалтгааны улмаас нас барсан тул зөвхөн дээрх 2 салбар зөвлөлийг оролцуулан дүгнэлт гаргах нь тогтоолд тавигдсан асуултуудад мэргэжлийн үүднээс тайлбарлах боломжтой гэж үзэж байгаа юм. Миний хэлэх гэсэн санаа бол ямар ч ач холбогдолгүй салбар зөвлөлийг зориуд оруулж дүгнэлтэд нөлөөлөх байдлаар дийлэнх олонхын саналын зарчмаар дахин үндэслэлгүй дүгнэлт гаргах гэж оролдож байна гэж хардаж байна.
Ялангуяа Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг оролцуулахаас эрс татгалзаж байна. Учир нь талийгаач нөхөр минь Нүүр ам судлалын салбарт хүчин зүтгэж яваад гадны нөлөөтэй байж болзошгүй, онц хэрцгий байдлаар амь насаа алдсан. Энэ хэрэгт хардаж буй хүмүүс нь Нүүр ам судлалын салбарт ажилладаг тул хувийн ашиг сонирхол, гадны нөлөө орох, худал дүгнэлт гаргахад нөлөөлнө гэж хардаж байна.
Миний бие Нүүр ам судлалын салбарт ажилладаг бөгөөд нүүр амны мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн. Ажил мэргэжлийн зүгээс тогтоолд тавигдсан асуултуудад тайлбар өгч, дүгнэлт гаргахад тусгай мэдлэгийн хувьд хариулт өгөх боломжгүй гэдгийг би маш сайн мэдэж байгаа тул энэхүү салбар зөвлөлийг оролцуулан дүгнэлт гаргуулахаас эрс татгалзаж байна.
Хохирогчийн ар гэрийнхэн бид гурав дахь удаагийн талийгаачид хийх дахин шинжилгээ нь эцсийн бөгөөд тогтоолд тавигдсан асуултуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбар авахыг хүсч байна. Хэрэв дахин үндэслэлгүй худал дүгнэлт гаргасан тохиолдолд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, хүлцэнгүй дуугай суугаад хэргийг хаалгахгүй. Үүний төлөө бид эцсээ хүртэл явах болно.
БИДЭНД ХАМГИЙН ИХ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ БУЙ ҮНДЭСЛЭЛ НЬ ТАЛИЙГААЧИД ҮҮССЭН ОЛОН ТООНЫ ШАРХ
-Хууль зүйн яам болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн танай гэр бүлийн хүсэлт, шаардлагын хариуг бичгээр өгсөн үү. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гол зүйл нь одоо юу байна вэ?
-Зургадугаар сард хэвлэлийн бага хурал хийсэнтэй холбоотой маргааш нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзсан. Талийгаачид хийсэн анхны болон давтан шинжилгээнүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт хийсэн учир гурав дахь удаагийн дахин шинжилгээ хийгдэх болсон. Бидэнд хамгийн их эргэлзээ төрүүлж буй үндэслэл нь талийгаачид минь үүссэн олон тооны шарх, зулгаралтууд болон гавал тархины хүнд гэмтэл нь өндрөөс унаж нас барсан гэж үзсэн шинжээчийн дүгнэлтэд маш их эргэлзэж байсан.
Талийгаачийг анх харахад толгой, хүзүү нь хойш гэдийгээд хөшчихсөн байсныг хараад маш их гайхаж байсан. Доошоо түрүүлгээ хараад олдсон гэх хүн яагаад хойшоогоо гэдийгээд хөшилт үүсчихсэн юм бол?, уг нь хойшоо гэдийж хөших ёсгүй л баймаар.
Мөн хүзүү нь бүхэлдээ хөх эрээн болчихсон, хүзүүний эргэн тойронд нарийн зүйлээр боосон мэт хөндлөн оромнуудыг хараад хоолойг нь боочихсон юм биш үү гэж шинжээч эмчээс асуухад: “үгүй ээ, өндрөөс унахдаа хоолой, цээжээ нидрээд унасанаас болоод үүссэн гэж дөрвөн давхраас унах үед нь яг хажуунаас нь хараад зогсож байсан юм шиг л өөртөө их итгэлтэй хариулж байсан. Шинжээч хэлэхдээ талийгаач унах үедээ жаахан наана унасан бол доороо зөөлөн хөрстэй газар байсан, хөл гараа хугалаад өнгөрөх, амь наснаас холуур байх газар байсан. унасан газар нь олон сэртгэр төмөртэй эвгүй газар унасан байсан гэж хэлэхэд үнэхээр гайхаж байсан болохоор бид тэр газарт нь өөрсдийн биеэр очиж үзэхэд унасан гэх балконы эгц доор нь цахилгаан үүсгүүр моторын том дээвэр харагдаж байсан. Хэрэв доошоо унасан бол тэр дээвэр дээр л унахааар харагдаж байсан болохоор доош очиж, тэр дээвэр дээр цохигдоод унасан байж магадгүй гээд булан тохой бүрийг нь шалгаж, дээвэр дээр нь хүртэл гарч ямар нэг ул мөр байж магадгүй гээд үзэж шалгахад маш цэвэрхэн бөгөөд ямар ч цохигдсон гэх ул мөр байгаагүй тул дөрвөн давхараас унасан гэдэгт эргэлзээ төрсөн.
Гол нь талийгаач толгойгоорой унасан гэх боловч хүзүүний яс нь ямар ч хугаралгүй, дотор эрхтнүүд нь унасан гэх талруугаа ханарч, цус хуралт, язралт гэмтэл огт үүсээгүй байсан нь өндрөөс унаж нас барсан гэдгийг үгүйсгэх баталгаа болж байсан.
Тийм учраас хохирогчийн ар гэрийнхэн бид хууль хяналтын байгууллага болон шинжээч эмч нарыг өндрөөс унаж нас барсан гэх дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад үнэн зөв дүгнэлт гаргаад өгөөч л гэж хүсээд байгаа тухайгаа илэрхийлсэн. Түүнчлэн талийгаачийг өндрөөс унасан гэх нөхцөл байдлыг тодруулж, нотлохын тулд физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдээр математик тооцоолол, загварчлал гаргаж өгөөч гэж хүссэн боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн A/158 дугаар тушаалаар батлагдсан журмаас шалтгаалан физикийн мэргэжилтнүүдийг оролцуулах боломжгүй гэсэн хариуг хяналт тавьж буй прокурор болон мөрдөгчийн зүгээс бидэнд тайлбар өгч байсан юм. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газраас энэ асуудалд тайлбар өгөхдөө A/158 дугаар тушаалын журам нь хэрэг дээр физикийн тусгай мэдлэг бүхий хүнийг оролцуулж дүгнэлт гаргахад оролцуулахад хязгаарлалт болохгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр ажиллуулах бүрэн боломжтой гэж тайлбарласан. Мөн бидний хүсэлтийн дагуу тайлбар албан бичгээр гаргаж өгсний дагуу тухайн албан бичгийг хяналт тавьж буй прокурортоо уулзахдаа аваачиж өгсөн. Харин хяналт тавьж буй прокурор тэр даруй тухайн өдрөө физикийн мэргэжилтнүүдийг оролцуулах хүсэлтийг минь хангаж шийдвэрлэсэн. Ингэж асуудал маш хурдан шийдвэрлэгдсэн.
Талийгаачийг дөрвөн давхараас унасан эсхүл унаагүй гэдэг нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтын хэмжээнд авч үзэх асуудал нь энэ хэргийг шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой. Иймд физик, математик, криминалистикийн салбар шинжлэх ухааны мэргэжилтнүүдээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар тооцоолол боловсруулах, туршилтын арга зүйг батлуулах хөндлөнгийн экспертээр шалгуулах чөлөөт уналтын хурд, хэмжээ, зай, обьектын хурдсах гинетикийн энергийн аргачлалыг тусган, шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо тайлбарыг бодит үнэнд нийцсэн байдлаар дүгнэлт гаргах нь зайлшгүй шаардлагатай юм.
ХАРДАХ ҮНДЭСЛЭЛИЙН НЭГ НЬ ШАРИЛЫГ ОРШУУЛСАН ГАЗРААС НЬ ГАРГАЖ, АР ГЭРТ НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН
-Удахгүй гурав дахь удаагийн шинжээчийн дүгнэлт гарна. Энэ дүгнэлтэд хэн нэгэн нөлөөлөх магадлалтай гэж хардаж байна уу?
-Тийм ээ хардаж байна. 2022 оны аравдугаар сарын 31-нд шарилыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийхдээ хохирогчийн ар гэрт мэдэгдэлгүй нууцаар хийж, шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн гэж хардаж байна. Учир нь оршоох үйлчилгээ явуулдаг “Нью Семетри” ХХК нь мөрдөгчид хандан “хохирогчийн ар гэрийхэнд мэдэгдэх шаардлагатай” хэмээн амаар болон албан бичгээр хүсэлт гаргасан боловч, мөрдөгч нь “хохирогчийн ар гэрийхэнд мэдэгдэх хууль зүйн зохицуулалт байхгүй” хэмээн худал тайлбар өгч талийгаачийн шарилд нууцаар шинжилгээ хийсэн нь шинжилгээ хийсэн шинжээч нарт давуу байдал бий болгон, шинжлэх ухааны үндэслэлгүй худал дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь Улсын ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/66 дугаар тушаалын журам зөрчсөн нь тогтоогдон мөрдөгчид хариуцлага тооцон, тухайн хэргээс татгалзуулан гаргасан. Ингэж нууцаар шарилд шинжилгээ хийсэн явдал нь шинжээч нарын дүгнэлтийг дутуу гаргах нөхцөлийг бүрдүүлж, хэргийн бодит үнэн байдлыг нуун дарагдуулж, шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь шинжилгээ хийсэн шинжээч нарыг хардах, сэжиглэх үндэслэлийг бий болгож байсан юм.
Ер нь бол хэн ч өндрөөс унаж байхыг нь хараагүй байж цагдаа, эмнэлгийн байгууллагад анх дуудлага өгөхдөө л хүн өндрөөс унаж нас барсан гэж дуудлага өгсөн нь маш их эргэлзээг бий болгож байгаа юм.
Мөн хамт байсан нэг хүн нь өглөө нь нас барсан тухай олж мэдчихээд өөр корпуст байсан бусад хүмүүсдээ энэ тухай хэлэлгүй 04:00 цагийн турш нуун дарагдуулсан байсан нь маш ноцтой асуудал юм. Ингэхээр талийгаачтай минь цуг Хасу шивэрт амралтын газрын дөрвөн давхарт хамт байсан тэдгээр багш нарыг хардаж сэжиглэх бас нэг шалтгаан болж байгаан. Өгсөн мэдүүлгүүд нь ч мөн логикийн хувьд уялдаагүй, зөрүүтэй мэдүүлгүүд байсныг мөрдөгчид шалгахдаа хайнга хандсан уу эсвэл санаатай юу гэдэг нь эргэлзээтэй.
Нийгэмд энэ мэт байдлаар хүн амины хэргийг золгүй осол болгон харагдуулж, хэргийг зориудаар хаадаг жишиг тогтож болохгүй. Эдгээр тохиолдлуудад шинжлэх ухаанч байдлаар хандаж, логикоор сэтгэхгүй, ажлын ур чадвар, мэргэжлийн байдлаар хандахгүй хэргийг зориудаар хаах гээд байгаа нь их анзаарагдаж байна. Жишээ дурдвал загвар өмсөгч охины хэрэг болон УИХ-ын гишүүн асан Г.Батхүү талийгаачийн хэргүүд дээр тодорхой харагдаж байна. Эдгээр эргэлзээ бүхий хэргүүдийн ард улстөрчид байсан гэх хардалт ард түмний дунд яригдсаар байдаг.
Талийгаач нөхрийн минь хэрэг ч бас үүний адил үнэн зөвөөр шийдэгдэхгүй байгаагийн ард бас нэгэн нөлөө бүхий хүний оролцоо байхыг үгүйсгэхгүй.
-Таны хувьд нөхрийнхөө амь насаа алдсан хэргийн зангилааг заавал гаргана гэж байгаа. Олон нийтэд хандаад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хэрэг ойрын хугацаанд шийдэгдэх эсэх талаар та ямар бодолтой байна?
-Хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл бүх чадлаараа явах болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “… хүн бүр амьд явах эрхтэй, хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно…” гэж заасан байдаг. Бидний амьдарч буй нийгэмд амьд явах баталгаа байхгүй болчихсон аймшигтай нийгэмд амьдарч байна.
Нэгэнт амь насаа алдсан хүн эргээд босоод ирж чадахгүй ч, нөхрийнхөө нэр төрийг сэргээж, үлдэж хоцорсон үр хүүхэд, эцэг эх, хань ижил нь болсон бид бүхэн хуулийн байгууллагыг энэ хэргийг илрүүлж, шударга үнэн шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл бид тэмцсээр байх болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хэргийг үнэн зөв шийдэгдэхэд анхаарал хандуулж өгөхийг хүсч байна.
Эцэст нь хэлэхэд эрдэнэт хүний амь насанд хүрсэн этгээдүүд тун удахгүй үнэнд гүйцэгдэж, хэрэг илрэх нь цаг хугацааны л асуудал. Та нарт ял завших ямар ч боломж байхгүй хууль үйлчилдэг улсад амьдарч байгаа гэдгийг чинь мэдрүүлнэ гэж хэлмээр байна. Учир нь бид бүх үйлдлийг чинь бүгдийг мэдэж байгаа шүү, үйлийн үр хаалга андуурдаггүй юм.
Эх сурвалж: Nnews.mn