Б.Ганхуягийн ар дахь хамгаалалт хэн бэ

0

Тийм жүжигчин, ийм сүрлэг байж чадлаа

“Л.Болд гишүүнээс болж, хойд солонгост хоёр хүн цаазлуулсан. Би цааш нь ярих уу, яах уу”. Энэ бол ТЕГ-ын дарга асан Б.Хурцын УИХ-ын байнгын хорооны хуралдааны танхимд хэлж байсан үг. Тэр энэ үгээ хэлэнгээ микрофон руу байнга мушилзаад, танхимыг тэр чигт нь өөрийнхөө түрэмгий, их мэдээлэлтэй, бүхнээс давсан уур амьсгалаар удирдаж байв. Үүний дараахан У.Хүрэлсүх түүнийг “Миний дүү тархиа амрааж яваад ир” гэж Солонгост элчингээр томилж байлаа.

Тэр нь нэг их бүтэлтэй юм болоогүй ч элчингийн суудал тагнуул, цагдаа, хууль хүчнийхнийг далд сэжмээр нам атгасан, сэргэлэн дүрт Б.Хурцын хувьд “тархи амраах” жаахан хэрэгсэл нь болж байв. Мэдээлллийн хүч гэдэг өөрөө энэ юм. Мэдээллийг атгасан байхад тэр гарт үйлчлэх өөр хүчтэй хүмүүс ч гарч ирсээр байдаг, ийм зүй тогтолтой шиг.

Яг Б.Хурцынх шиг ийм бардам, омогтой, үл айж, эс эмээсэн дүрийг саяхан бид харсан. Тэр бол 1.8 их наядын хохирол бүхий, 13.7 тэрбумыг авлигад авсан гэх үндэслэлээр хэрэг нь боогдсон алдарт нүүрсний хулгайн гол эзэн гэгдэж буй Б.Ганхуяг. МАН-ын дэргэдэх НАМЗХ, Шинэчлэлийн хороо зэрэг залуусыг илтгэх урлаг ба цүнх барихад сургадаг дамжаанууд төгсөж, нүүрсний экспортын оргил үнийн үед ЭТТ-г удирдаж, олон улс төрчидтэй нүүр хагарсан түүнд шүүхийн танхимд маньпулляци үзүүлэх нь ерөөсөө ч хэцүү байсангүй.

Тэрбээр ам халсан хэв шинж үзүүлж, жаахан ярихад л манай улс төрчдийн хувь хувьсгалын халшрам түүхүүд сөхөгдөх нь гэсэн мессежийг яг таг өгч чадав. Тэр Ч.Хүрэлбаатарыг дурсаад өнгөрч буй мэтээр ниргэнгээ Т.Аюурсайханаа энхрийлэхээ ч мартсангүй. Тийм жүжигчин, ийм сүрлэг байж чадлаа. Нөгөө талаасаа Б.Ганхуяг өөрөө нүүрсний хэргийн гол зангилааг тайлах, маш үнэ бүхий эх сурвалж гэдгээ харуулж чадлаа. Тэгэхээр цаашаа энэ операци урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ч шүүхийн шийдвэрлэх мөчдөө гал халуунаар өрнөх хүлээлт үүслээ.

Б.Ганхуягийн атгаж байгаа мэдээллийн хүчийг дагаж, түүнд үйлчлэх, хамгаалах өөр хүчтэй дүрүүд ч оршин байх юм. Тэр харин хэр ил гарч ирэх үү гэдэг нь л өнөөдрийн асуудал гэлтэй.

Б.Ганхуягийн нөмөр нөөлгөөр нүүрснийхэн бүгд нэрлэгдэх логик

Өчигдөрхөн Засгийн газраас Чалкогийн нүүрсний бартерын өрийг дарж дууссаныг зарлав. Энэ бол Б.Ганхуягийн үед ЭТТ-н урд хөршийн зэвсэг үйлдвэрлэдэг “Норинко”, төрийн өмчит томоохон компани болох “Чалко” тэргүүтэнтэй өндөр дүнгээр хийсэн гэрээнүүд эхнээсээ гүйцэтгэлээрээ хаагдаж байгаа л утга юм. Нэг ёсондоо түүний үед зурагдсан томоохон зарлагуудыг одоогийн Засгийн газар үүрээд л явж байгаа хэлбэр.

Үүнтэй зэрэгцээд бас нэг хачин бичиг гарч ирсэн нь, Б.Ганхуягийн хорих ангиас ХЭҮК-т хандан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг элдвээр дарамталж, эрхэнд нь халдаад байна гэх утга бүхий захидал байв. ХЭҮК-ынхны гарт очихоосоо өмнө задарсан уу, зориуд ийм шуугиан үүсгэхээр тараачихсан уу. УИХ-ын харьяа, бие даасан статус бүхий агентлаг намчдад тал засаад, түүний захидлыг гаргаад өгчихсөн үү. Ямартай ч өчигдрийн турш медиа орчинд уг захидлын эхний нүүр хөвсөөр өнжив.

Эрх биш нийгмээрээ хэрсүү болсоор байгаа энэ үед “Л.Оюун-Эрдэнэ намайг хилс хэргээр гөрдөж, өөрийг нь шоронд нь хорих гээд байна” гэж захидал бичиж сууна гэдэг Б.Ганхуягийн хувьд асар том зориг, үл эргэлзэх айдас буйг илтгэнэ.

Нөгөө талаар тэр захидлаараа дамжуулж, “Намайг оролдвол бүх мэдээллийг чинь ил нэрлэж, хувь улс төрч дээр чинь асар их эрсдэл үүсгэнэ” гэх мессежийг но-той дүрүүдэд өгөхийг зорьсон гэлтэй.

УИХ, Засгийн газрын түвшинд 20 гаруй хүн шууд нэрлэгдэж, тайрагдсаар 17 нь ил зарлагдсан. Үүний ард одоогийн Засгийн газрын нэр бүхий гишүүд, УИХ-ын дийлэнх гишүүдийн хувь хувьсгалын гуйлга түүлэг, холбоост бизнесүүд байсан. Нүүрсний хулгай нэрээр Ажнай Д.Бат-Эрдэнийг дагаж, Ц.Элбэгдоржийн нөлөөллүүд, төмөр замын хэргээр Х.Баттулгын ойрынхон, тухайн үед Засгийн газрыг удирдаж байсан өнөөгийн Ерөнхийлөгчийн хамаарлууд нэрлэгдэж болно. Гэвч хэрэг жижгэрсээр, яллагдагчийн нэр цөөрсөөр энд ирэв.

Одоо бараг л цор ганц яллагдагч болчхоод байгаа Б.Ганхуяг гар дахь мэдээллийн хөзрөө хэрхэн хөдөлгөхөөс шалгагдагсдын хувь заяа хамаарахаар.

Тэгэхээр тэд нэг тал, Б.Ганхуягийн нөмөр нөөлгүүд болчхож байгаа юм. Том эрсдлүүд байгаа учир Б.Ганхуягийг байнга асран тэтгэж, “Эм Си Эс” харьяаныхаа хувийн эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн нь ил болсон. Улмаар Төрийн тэргүүнд очиж, хэргээ хамгаалах хүсэлт өгснөөс гадна Т.Аюурсайхан нартайгаа мэдүүлгээ яг таг тааруулсан гэгдсэн уур амьсгалууд ерөнхийдөө батлагдсаар байна.

“Нүүрс үгүй гишүүд тэгээд байгаа юм уу, цаашдаа яах уу”

Намрын намарт уулын мухар, усны дэргэд улс төрийн фракциуд цуглаж байгаад, засаг төрөө самрах тохироогоо хийчихдэг бичигдээгүй хууль бий. Үүнийг харин Л.Оюун-Эрдэнийн засгийн газар насжилтаараа гэтэлж, чухам л рекорд тогтоогоод байгаа гэх. Энэ нь ил далд хэлбэрээр Л.Оюун-Эрдэнэд Тагнуул, Цагдаа, АТГ-ын хүчнүүд базагдаж, Прокурорын байгууллагыг ч нүүрсний хэрэг дээр өөрийнхөө талд оруулсан гэх логик харагдаж байгаа. Одоо прокуророос ирүүлж байгаа мэдэгдэл нь ерөөсөө л “Нүүрсний хэргүүдийг удаахгүй, шүүх рүү шилжүүлнэ” гэх мессежүүд явах болсон.

Үүн дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний сонсголын заавал зохион байгуулна” гэж ил ярьсаар байна. Сонсголыг Л.Оюун-Эрдэнийн хамаг хар бор ажлыг нугалж яваа Х.Нямбаатар ахлахаар болсон. Энэ дарааллаар харвал, одоогийн Засгийн газар эрх хэмжээгээ харьцангуй томруулж, хүслийн шүглүүдээ үлээгээд байхаар бяртай байгаа.

Тэгэхээр энэ намар засаг төр хөдлөх хэмжээнд улс төрийн гал хурцдахгүй. Гэхдээ тохирооны агуулгууд дээр хурц тоглолтууд явж болно гэх санааг өмнөх бичвэртээ дурдаж байв. Энэ удаа ч ингэж л харж байна.

Бүхэлдээ УИХ, Засгийн газар цаашид нүүрсний ба нүүрсний бус гэж ангилагдаж мэдэхээр. Бүр цаашлаад С.Баярцогтын нөлөөгөөр АН дээр ч нүүрсний бүлгүүдээр хуваагдах, Л.Гантөмөрийн эрх хэмжээ цаашдаа улам симболист болж, бүдгэрэх энерци ажиглагдах болов.

Ерөөсөө төсөв, нүүрсний сонсгол гэсэн хоёрхон чухал товьёогтой намрын чуулганы хугацаанд Засгийн газар шинэ тутам сорилт, акциудтай тулгарсаар байх нь ээ. Магад өвлийн, хаврын жагсаалууд намартаа өрнөж, Б.Ганхуягийн ар дахь хамгаалалтууд улам чангарч, бүх шүүгчдийн чуулган дамнаж, бөөн улс төржилт хөвсөлзөж мэдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *