Гадаадад 24-36 мянган доллар төлж эмчлүүлдэг аппаратыг Монголдоо нэвтрүүлж ЧАДЛАА
Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл нэмэгдэх болсон билээ. Энэ нь нэг талаараа эрт илрүүлэг, шинээр ашиглаж байгаа технологийн дэвшил, хавдрын оношилгоо сайжирч буйтай холбоотой. Нөгөө талд иргэдийн амьдралын хэв маяг, амьдрах орчин буюу агаар, хөрсний бохирдлоос өвчлөл нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Хавдраар өвчилсөн иргэдийн дийлэнх нь туяа эмчилгээнд орох шаардлагатай байдаг аж. Тэр ч утгаараа 2019 онд Хавдар судлалын үндэсний төв туяа эмчилгээний технологийн дэвшил болох шугаман хурдасгуур хоёр аппаратыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байлаа. Тэгвэл өдгөө нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадал, нарийвчлал бүхий гурав дахь аппаратыг ашиглалтад оруулахаар тохируулга, хэмжилтийн ажлыг хийж эхэлжээ.
Иймд ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор М.Минжмаа болон Туяа эмчилгээний ахлах физикч В.Энхцэцэгтэй ярилцаж, туяа эмчилгээний шинэхэн төхөөрөмжтэй танилцлаа.
-Одоо ашиглалтад оруулах аппарат нь өмнөх аппаратуудаас юугаараа онцлог юм бэ?
-М.Минжмаа: Манай тасгийн хувьд хорт хавдрын туяа эмчилгээг хийдэг. Манайд хавдрын туяа эмчилгээнд ашиглагдаж байгаа хоёр шугаман хурдасгуурыг 2019 онд суурилуулсан байдаг. Одоо ашиглалтад орох аппарат нь гурав дахь шугаман хурдасгуур болж байна. Энэ нь өмнөх хоёр шугаман хурдасгуураас илүү хүчин чадал, нарийвчлалтай, энергийн хувьд өндөр гэдгээрээ онцлог. Мөн энэхүү шугаман хурдасгуурыг оруулж ирж байгаа төслийн зорилго нь тархи, нугасны хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх юм. Иймээс өндөр хүчин чадалтай гурав дахь шугаман хурдасгуурыг суурилуулчихсан, хэмжилт тохируулгыг хийж, эмчилгээнд хэрэглэхээр бэлдэж байна.
-Тархи, нугасны хавдрыг эмчлэхэд хэрэглэгдэх юм байна. Манайд энэ төрлийн өвчтэй хэчнээн хүн байдгаас хэд нь туяа эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай байндаг вэ?
-М.Минжмаа: Энэ аппарат нь дан ганц тархи, нугасны хавдрыг эмчилнэ гэсэн үг биш. Өдөртөө нийт 100 хүн туяа эмчилгээнд орж байлаа гэхэд гурван шугаман хурдасгууртаа ачааллыг тэнцүүлэн хуваарилах л асуудал юм. Гэхдээ нарийвчлал өндөртэй, өндөр хүчин чадалтай учраас илүү шинэ технологи шаардсан эрчмийг тохируулах туяа эмчилгээ эсхүл стереотактик туяа эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдийг энэ аппаратаар эмчилнэ. Мөн аппаратын бас нэг онцлогийг дурдвал, бид худалдан авалт хийхдээ тархи, нугасны хавдрын стереотактик эмчилгээ хийхэд илүү тохирох техникийн үзүүлэлттэйг нь сонгож авсан. Манай нийт эмчлүүлэгчдийн найман хувь буюу жилд 60-70 хүн нь тархи, нугасны хавдраар эмчлүүлдэг. Гэхдээ стереотактик эмчилгээг тархины жижиг хэмжээтэй анхдагч хавдрыг юм уу, үсэрхийлсэн хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл, энэ шалтгаанаар стереотактик эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч Монголд эмчлүүлэх боломжгүй гадаад улсыг зорьж байгаа иргэдийн урсгалыг багасгах зорилготой гэж ойлгож болно.
Стереотактик туяа эмчилгээг гадаадад хийлгэвэл зөвхөн эмчилгээний зардалд 24-36 мянган долларыг зарцуулна
М.Минжмаа
-Гадаадад энэ төрлийн үйлчилгээг авахад үнэ өртөг нь хэд байдаг вэ. Гадагшаа гарах байсан мөнгөн урсгалыг л хааж байна гэсэн үг шүү дээ?
-М.Минжмаа: Одоогоор бид нэг удаагийн ердийн тунгаар 25-30 удаа буюу олон удаагийн эмчилгээг хийдэг. Харин стереотактик туяа эмчилгээний онцлог нь маш өндөр нарийвчлалтайгаар, өндөр тунгаар нэг удаагийн эмчилгээг хийдэг. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн эмчилгээг гадаадад өөрийн улсын иргэн хийлгэхэд 8-12 мянган доллар байдаг. Хэрвээ гадны буюу Монгол Улсын иргэн эмчлүүлбэл ямар технологиор, улсын болон хувийн ямар эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хамаарч 4-6 дахин өндөр өртөгтэй. Ингэж тооцвол 24-36 мянган долларыг зөвхөн эмчилгээний зардалд зарцуулна. Үүнээс гадна очих, байрлах зардал, эмэн эмчилгээний зардал зэрэг олон зардлууд нэмэгдэнэ гэсэн үг.
Бид дүрс зураг дээр суурилан хавдрыг оношилж байгаад цацраг туяа гэдэг “хутгаа” хаанаас нь яаж оруулах вэ гэдгийг тооцоолж байж эмчилдэг
В.Энхцэцэг
-Одоо тохируулгын ажил хийж байна гэсэн. Угсралтын ажил нь хэзээ дуусав, хэзээ аппаратаа эмчилгээнд ашиглаж эхлэх вэ?
-В.Энхцэцэг: Туяа эмчилгээний аппаратын хувьд ионжуулах цацраг ашигладаг. Иргэд дүрс оношилгоо, рентген авхуулах юм бол аюултай, хортой гэж боддог шүү дээ. Гэтэл туяа эмчилгээ нь рентгений цацрагийн аюул хөнөөл, тунгаас/эмийн тун гэдэгтэй адилтгаж болно/ 20, 30 мянга дахин өндөр байснаар хавдрыг эдгээж байгаа. Арав, зуу биш хэдэн арван мянга дахин өндөр тунг өгч байгаа учир яг хавдрын байнд тохируулан нүдэнд харагдаж гарт баригддаггүй цацраг туяа гэж зүйлээр мэсийн хутга тойруулаад авч байгаа мэт хавдрыг авах гээд байгаа юм. Хэрвээ төсөөлөх юм бол шүү дээ. Мэс заслын эмчийн хувьд өвчтөн ширээн дээр байвал биеийг нь нээж, хавдрыг нь харж байж авдаг. Гэтэл бидний нөхцөл байдал ондоо. Хүнийхээ биеийг нээхгүй, гадна талаас нь харж болохгүй. Тэгэхээр дүрс зураг дээр нь суурилж, хавдрыг оношилж байгаад цацраг туяа гэдэг хутгаа хаанаас нь яаж оруулах вэ гэдгийг тооцоолж байж эмчилдэг. Нэг удаа өгдөг цацрагийн хэмжээ нь хүмүүсийн айдаг хэмжээнээс асар их шүү дээ. Тэр өгч байгаа туяа яг хавдрын байрлалд л очих ёстой. Бид ийм нарийн эмчилгээ, тооцоолол хийж байгаа учраас бүх зүйл баталгаажсан байх хэрэгтэй. Магадгүй рентген аппарат авах юм бол суурилуулалт нь долоо хоног л болно. Суурилуулсан л бол оношилгоогоо хийгээд явчихаж болно. Гэтэл туяаны аппарат тэгдэггүй. Бүх зүйлээ эхнээс нь нарийн тохируулдаг. Энэ процесс нь маш их хугацаа шаарддаг. Хамгийн багадаа 3-5 сар зарцуулна. Түүнчлэн, хамгийн сайн физикч ажлаа дээд зэргийн түвшинд хийж байгаа гэж үзсэн ч бид өөрсдийн хийсэн ажлаа хэзээ ч зөв гэж итгэхгүй. Тиймээс заавал олон улсын хөндлөнгийн байгууллагаар шалгуулах ёстой. Тэд шалгалт хийж, зөвшөөрөл олгосон цагт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Энэ аппаратын суурилуулалт гуравдугаар сард эхэлж, зургадугаар сарын сүүлчээр дууссан. Мөн шинэ аппаратын хувьд температур, чийгшил зэрэг нарийн орчны нөхцөл шаарддаг. Үүнийг сүүлийн хоёр сарын хугацаанд бид сайжруулсан бол одоо тохируулга, хэмжилтийг энэ долоо хоногт эхлүүлээд байна. Тэгэхээр хамгийн хурдандаа дахин гурван сар шаардах байх.
-Гадны улсаас мэргэжилтнүүд ирж тохируулга дээр ажиллаж байгаа юу?
-В.Энхцэцэг: Үгүй, бид тохируулга болон бусад бүх зүйлийг өөрсдөө хийнэ. Харин хийсэн үр дүнг гаднаас ирж шалгана. Тэрнээс гадны мэргэжилтнүүд ирж тохиргоо хийнэ гэж байхгүй. Бид тэр хүмүүсийн үнийг дийлэхгүй шүү дээ.
Хавдар судлалын үндэсний төвийн шинээр нэвтрүүлж буй аппарат нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашигласан бөгөөд дөрвөн сая еврогийн үнэтэй аж.
-Үнэ өртөг, санхүүжилтийн талаар яривал?
-В.Энхцэцэг: Мэдээж шинэ технологи учир үнэтэй. Нэгд, туяаны төхөөрөмж өөрөө нэлээд үнэтэй байдаг. Хоёрт, хамгийн сүүлийн үеийн технологи. Энэ аппаратын тухайд дэлхий нийтээр өргөн хэрэглэж байгаа. Гэхдээ тархи, нугасны стереотактик эмчилгээ хийдэг болоод ирэхээр маш цөөхөн болчихдог. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын Австрийн Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээлээр авч, хэрэгжүүлж байгаа. Үнийн хувьд зөвхөн төхөөрөмж нь дөрвөн сая еврогийн үнэтэй. Мөн зүгээр л энгийн өрөөнд ажиллуулж болохгүй. Тиймээс аппаратын ажиллах нөхцөлийг хангасан, цацрагаар шарж, эмчилж байхад эргэн тойронд байгаа хүмүүсийг хохироохгүй байх тусгай дизайн, хамгаалалттай газарт байрлуулах ёстой. Тэгэхээр барилга байшингийн зардал тусдаа гарна гэсэн үг.
-Засварын ажлаа зургаан сараас хойш хийв үү?
-В.Энхцэцэг: Засварын ажил 2022 оны наймдугаар сараас эхэлсэн. Гэхдээ аппаратаа байрлуулсны дараа нэмэлт сайжруулах зүйлс гарч байгаа. Тухайлбал, өрөөний температур 18 градус байх ёстойгоос манайд 20 байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр аппаратаа ажиллуулж байж орчин нөхцөлөө сайжруулах шаардлагатай байна.
-Гурван аппараттай болсноор хүчин чадал хэр хэмжээнд нэмэгдэж, оочер дараалал хэр буурах вэ?
-М.Минжмаа: Манайх одоогийн байдлаар хоёр шугаман хурдасгуураар үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны байдлаар нийт 800 хүн туяа эмчилгээнд орсон байдаг. Өдөрт 70-80 хүн ордог байснаас гадна хүлээгдэл нэлээд урт хугацаатай буюу 1-2 сар байдаг тул хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө, 25-30 хувь нэмэгдүүлэхэд өдөрт 70-80 хүн ордог байсан нь 100-110 хүн болсон. Хэрвээ энэ байдлаар үргэлжилбэл 2023 онд 1000 гаруй хүн туяа эмчилгээнд орно. Гэсэн ч нийт шинээр оношлогдож байгаа өвчтөнүүдийн 12-13 хувь нь туяа эмчилгээнд хамрагдаж байгаа. Хэрвээ гурав дахь аппарат ашиглалтад орох юм бол энэ үзүүлэлт 18-20 хувьд хүрнэ гэж тооцож байна. Бидний цаашдын зорилго хүний нөөц, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн туяа эмчилгээний хүртээмжийг 30-40 хувьд хүргэхийг зорьж байна. Гэвч одоогийн ХСҮТ-ийн барилга байгууламжид туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг нэмэлтээр байрлуулах тусгай байр байхгүй байна. Тиймээс хавдар судлалын хоёр дахь төвийг байгуулах хүрээнд туяа эмчилгээний тасгийн төлөвлөлтийг одооноос хийж байгаа. 10,20 жилийн дараа хавдрын өвчлөл ямар байхыг үндэслэж эртнээс төлөвлөөд явж байна гэсэн үг.
-Шинээр аппарат ашиглалтад ороход хүний нөөцийн асуудал яригдаж байгаа юу?
-М.Минжмаа: Манайх Монгол Улсад туяа эмчилгээг хийж байгаа ганц газар шүү дээ. Туяа эмчилгээний тасгийн хувьд нийт есөн эмч, дөрвөн физикч, арван техникч, 12 сувилагчтай ажиллаж байна. Тэгэхээр энэ олон хүний нягт ажиллагаагаар туяа эмчилгээний процесс үргэлжилдэг. Зөвхөн нэг хүнийг оруулж хэвтүүлээд туяа эмчилгээг хийдэг гэж ойлгож болохгүй. Тухайн өвчтөнийг ирэхээс, дуусах хүртэл нэг хүнд хоёр сарын хугацааг зарцуулж байгаа. Тиймээс мэргэжилтнүүд олон шат дамжлагаар харилцаа, уялдаатай байж үйл ажиллагааг бүрэн явуулдаг. Ер нь, Монгол Улсын туяа эмчилгээ 25-30 орчим хүний нуруун дээр явж байна. Дашрамд дурдахад, бүх Монгол даяар туяа эмчилгээний эмч ес, физикч зургаан хүн л байна. Мөн бидний бахархдаг зүйл нь туяа эмчилгээг цөмийн физикч нартай хамтарч хийдэг. Тэрхүү хүчтэй цацрагийг хүний биед аюулгүй, зөв, найдвартай оруулж хавдрыг эмчлүүлэхийн тулд чанарын хяналттай нарийн үйл ажиллагаа явагдаж байгааг ойлгох хэрэгтэй.
Сонирхуулахад, тус тасагт Монгол Улсдаа хамгийн чадварлаг бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм. Тодруулбал, ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь гадаадын өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн байна.
Мөн энэхүү туяа эмчилгээний шугаман хурдасгуур нэвтэрснээр хавдрын улмаас гадаад улсыг зорих иргэдийн урсгал багасаж, иргэд эх орондоо сүүлийн үеийн хүчин чадалтай, өндөр технологи ашигласан эмчилгээг өртөг багатайгаар хийлгүүлэх боломж бүрдэж байна. Нэг талаараа тэд иргэдийн эрүүл, ая тухтай амьдрахад тусалж ЧАДЛАА.