“Эрдэнэт”-ийн захирлууд ба ажилчдын цалин хэт зөрүүтэй байгаа гэв

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэбат энэ үеэр: “Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс сүүлийн арваад жилийн хугацаанд инфляцын түвшинг нөхөх төдий л хэмжээтэй явж ирсэн байна. Үндсэндээ 10 орчим хувиар л нэмэгдэж байсан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмэх нь бодит цалингийн нэмэгдэл хэрэгтэй байна гэдэг шаардлагыг маш олон ажилчид хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулья гэдэг санал, шаардлагыг тавиад, өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Хойшлуулсан байсан ажил хаях саналаа өнөө өглөө эргэн сэргээж авто цех болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт хийж эхэлсэн байна.

Үйлдвэрийн ажилчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлээч гэдэг санал тавьсан. Захиргааны ажилчдын цалингаа 15 хувиар нэмээд, жинхэнэ үйлдвэрийн ажилчдын цалинг ирэх жил нэмээч гэдэг санал гаргасан. Дундаж цалин 4 сая төгрөг гэсэн хэдий ч үйлдвэрийн ажилчдын ярьж байгаагаар энэ нь бүх ажилчдын буюу захиргааны ажилчидын цалинг ч хамруулсан тоо гэж ярьж байгаа.

Захирал,удирдлагууд нь 40-50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл байна. Ажилчдынхаа цалингаас 5-10 дахин их цалин авдаг энэ системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 ам.доллараас эхлээд, дундаж нь 1100 орчим ам.доллар байна. Оюутолгой болон бусад томоохон уурхайнууд дор хаяж 5000 ам.доллараас дээшээ цалинтай байгаа.

Зөвхөн удирдлагууддаа орон сууцны асуудлыг нь шийдэж өгнө гээд 3 жилийн өмнө 700-800 сая төгрөгийн үнэтэй орон сууц “Ривер Гарден”-аар дүүрэн өгсөн байна лээ. Ажилчиддаа орон сууцны дэмжлэг гээд 10 сая төгрөг буюу 70 дахин бага мөнгө өгдөг.

Захиргаа болон үйлдвэрийн ажилчдын нийгмийн хамгааллын асуудал ийм их ялгаатай байгаа дээр ажилчид маш их бухимдалтай байгаа. Миний авсан мэдээллээр үйлдвэрийн удирдлагууд өөрсдөө 10-50 сая орчим төгрөгийн цалин авдаг гэсэн. Үйлдвэрийн ажилчид 1,7-6 сая орчим төгрөгийн цалин авдаг. 6 сая төгрөгийн цалинг хүнд нөхцөлд, илүү цагаар, бусад бүх төрлийн нэмэгдэл ороод авч байгаа. Тийм учраас бүх салбарууд энэ тал дээр цалингийн бодит шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *