ЭМ-ийн сайд С.Чинзориг ард түмнээс уучлал хүслээ

0

 Гурван хүнд амьдрал бэлэглэж, зургаан хүний амьдралын чанарыг сайжруулсан талийгаач  С.Алунгуагийн асуудлыг тогтоохоор ЭМЯ-наас ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Тодруулбал, ЭМ-ийн сайдын баталсан дүрэм, журам болон Донорын тухай хуулийг дагаж мөрдөж үү гэдгийг тогтоохоор ажиллаж буй. 

Тэгвэл уг асуудалд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр “Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ.

Ер нь, амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна. Харин шөрмөс зэрэг судасжилтгүй эдийг амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа авч, шилжүүлэн суулгаж болдог тул аппаратыг салгаж, зүрх зогссоноос хойш ч гэсэн эс, эд, эрхтэн авах ажилбар тодорхой хугацаанд үргэлжилдэг.

Энэ удаагийн тохиолдолд тухайн өдрийн 21:57-д донорыг аппаратаас салгаж, зүрх зогссон ч судас, шөрмөс зэрэг эдийг авах ажилбар үргэлжилсэн гэсэн үг. Аппарат салгаж, донорын зүрх зогссон цагийг ар гэрийнхний хүсэлтийн дагуу мессежээр мэдээлдэг нь шашны зан үйл гүйцэлдүүлэхтэй холбоотой юм.

Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. 

Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно.

Мөн Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 4 журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, ажиллуулж байна.
Бид донороос авсан эд, эрхтнийг бүрэн ашиглан гурван хүний амь насыг аварч, зургаан хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Эдгээр бүх эмчлүүлэгч нарын биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа.

Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж байна.
Зөрүүтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд ард иргэдээсээ уучлал хүсэж байна” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *