Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажлыг Хятадын компаниар гүйцэтгүүлж, төлбөрийг нь нүүрсээр төлөх ажлыг хөөцөлдөн Х.Нямбаатар сайд БНХАУ-д яваа аж
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ өдрүүдэд БНХАУ-д ажиллаж байгаа аж. Түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буй сэжигтэнг авчрахаар тус улсыг зорьсон талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд буй. Тодруулбал, “нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн туслахаар ажиллаж байсан Н гэгч залуу БНХАУ-д зүсээ өөрчлөн явж байгаад хуулийн байгууллагынханд баригдсан. Тиймээс “Шувуу” ажиллагааны хүрээнд түүнийг БНХАУ-аас авчрах ажлыг Х.Нямбаатар сайд өөрөө хариуцан сэжигтэнг авчирна гэсэн мэдээлэл байгаа юм.
-ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХИЙХЭЭР ЯВЖ БАЙГАА ЮУ-
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаар БНХАУ-д ажиллаж байгаа аж. Засгийн газраас Монгол-Хятадыг холбосон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Тиймээс ч тус ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан. Харин тэрбээр энэ ажлыг амжуулахын зэрэгцээ Ш.Раднаасэд гишүүний туслахыг авчрах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нямбаатар сайд энэ долоо хоногийн пүрэв гараг /2023.09.21/-т БНХАУ-аас ирэх аж.
Гэхдээ манай улсын экспортын том гарц, стратегийн чухал ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл дээрхээс ч илүү ач холбогдолтой байж мэднэ. “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулаад байгаа. Одоо хоёр улс үргэлжилсэн хэлэлцээг хийж, ТЭЗҮ боловсруулах шатанд харилцан санал солилцож байгаа талаар Хууль зүйн яамны цахим хуудаст нийтэлжээ.
-ХЯТАДЫН ТАЛААС ГАНЦМОД, СЭХЭЭ, ЗҮҮНХАТАВЧ ХҮРТЭЛ ТӨМӨР ЗАМАА ТАВЬСАН БОЛ МАНАЙХААС НЭГ Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА –
Сонирхуулахад, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийг 2004 онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн хэсэгт Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтод төмөр замын хилийн боомт ажиллахаар тогтсон. Хятадын талаас 2012 онд Ганцмод, Сэхээ, Зүүнхатавч боомтууд хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгасан бөгөөд манай улсын төмөр замтай холбогдоход бэлэн болсон.
Харин манай талаас хэлэлцээр байгуулагдсанаас хойш дотоодын хэрүүл, гадны нөлөө ч байж болзошгүй асуудлаас үүдэн төмөр замын хилийн холболт, боомтын бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээгүй юм. Тодруулбал, манай Засгийн газар хилийн боомтуудад төмөр замын хилийн боомт ажиллуулах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэсэн үг.
-ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИАР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ. ТӨЛБӨРИЙГ ЭТТ КОМПАНИ НҮҮРСЭЭР ТӨЛНӨ-
Харин Гашуунсухай-Ганц мод боомтын төмөр замын ажлыг Хятадын төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ. Энэ нь цаг хугацаа хэмнэх, цаашид экспортын алдагдсан боломжийг нэмэгдүүлэхгүй байх талтай. Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрт дурдсанаар
“Чайна энержи” компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК нь урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр жил бүр 20 сая тонн нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон Тавантолгойн ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх явцыг 3 үе шатаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Үүнд:
- хил дамнасан төмөр зам ашиглалтад орохоос өмнө нүүрс худалдах, худалдан авах урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй урт хугацаатай гэрээ байгуулах ба “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас жил бүр 5 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх;
- хил дамнасан төмөр зам ашиглалтад орсны дараа жил бүр 6 сая тонноос доошгүй коксжих нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах ба гэрээний хугацаа нь ордын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх хүртэл үргэлжлэх;
- талууд 20 сая тонн хатуу коксжих, хагас коксжих, эрчим хүчний, исэлдсэн нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулна. Тус гэрээний хугацаа эхний ээлжинд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдсэний дараа 10 жил байна.
-ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОДНЫ ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ БАРИГДСАНААР ДООРХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ-
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэнэ өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ.
Тухайлбал:
- Монгол Улсын дотоодийн нийт бүтээгдэхүүн жил тутам 3.5 тэрбум ам.доллароор өсөх;
- Улсын төсөвт жилд дунджаар 44.8 сая ам.долларын татвар төлөх боломж бүрдэх;
- БНХАУ-д экспортлох нүүрс тээврийн өртөг 42 ам.доллароос 14,6 ам.доллар болж буурах /тонн тутамд тээврийн өртөг 2,8 дахин буурах/;
- Зүүн Азийн зах зээлд Монголын нүүрсний экспортын эзлэх хувь өнөөгийн байдлаар 10.5% байгааг нэмэгдүүлж, 30.5 хувьд хүргэх;
- Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлого жилд дунджаар 2.61 тэрбум ам.доллар байгааг 2.8 дахин нэмэгдүүлж, 7.4 тэрбум ам.долларт хүргэх боломж бүрдэх;
- Төмөр замын тээвэр ашиглалтын зардлын тонн/км тутамд ноогдох өртгийг авто замын тээвэр ашиглалтын зардлын өртөгтэй харьцуулахад 29%-иар багасах;
- тогтмол ажлын байрыг нэмэгдүүлэх;
- малын бэлчээр сүйдэх, хөрс, агаарын бохирдол зэрэг байгаль оринл 74%-иар буурна гэж тооцоолжээ.