Ёс зүйн ДЕЛО: Шүүх, прокуроруудын хувийн байдлаас ёс зүй нэхье!
-Хэн, хэзээ үүнийг цэвэрлэж цэгцлэх бол? Ганцхан жилийн дотор хав дарсаар өдийг хүрсэн нь л энэ..-
Нийтлэл гэхэд жижигдэж, мэдээ гэхэд томдохоор. Гэхдээ агуулгын хувьд бид ийм мэдээллийг задалж байж ямар хүмүүс улс орны нийгэм, эдийн засаг, хүмүүний хувь тавилантай холбоотой асуудлыг дэнсэлдэг вэ гэдгийг ухамсарлаж хуулийн байгууллага дотор ариун ёсыг буй болгох ёстой болов уу. Тэнд ариун болж гэмээнэ бидэнд хүндэтгэх сэтгэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу “хүндлэх ёстой”-оос гадна тэнд шударга хүн миний хохирсон болон бусдыг хохироосон үйлдлийг шүүнэ гэх итгэл сэтгэлээс ургах учиртай юм.
Зөвхөн нэг жишээ. 2022 оны 12 дугаар сард болсон хэрэг л дээ. Иргэн Ч.Түмэн-Өлзий бусдад зодуулж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх үйлдэлд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар …дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Үүгээр тогтоогдсон үйлдлүүд бол ёс суртахууны төдийгүй гэмт хэргийн шинжтэй. Хамгийн гол нь бид ямаршуухан прокуроруудаар хэрэг шийдүүлж, хувь заяагаа дэнслүүлэхийн өмнө хянуулж байдаг тухай бодоход ой гутмаар юм.
Үүний зарим хэсгээс дурдвал, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 20 гаруй ажилтан өөр ажилд шилжсэн алба хаагчдад гаргаж өгөх монгол маягийн дампуу үдэшлэг World city караокед зохион байгуулсан байгаа юм. Энэ үеэр УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор У тус дүүргийн ерөнхий прокурор О.Алтангэрэл нь прокурор Ч.Түмэн-Өлзийг зодсон талаарх тэнд байсан ажилтнуудтай уулзаж ярилцсан байдаг нь тогтоогджээ. Мөн уг хэргийг мөрдөн шалгах явцад тус прокурорын газарт одоо ажиллаж байгаа болон алба хаагчдын мэдүүлгээс харахад “оцгонодог прокурор” гэгч шившгийн ойлголт, тийм нэр томьёонд хамаарах хүмүүс үнэхээр байдаг юм байна. Энэ талаарх “хэрэг явдлууд” цуу яриа биш хуулийн байгууллагаар шалгагдсан зүйлс. ХУД-ийн Ерөнхий прокурор О.Алтангэрэл гэдэг хүний эдгээр бусармаг хэргийн талаар баримт үзүүлэхэд нэр бүхий охид бүсгүйчүүд болон алба хаагчдын хохирогчдын хувийн мэдээлэл, алдар нэр, үйл хөдлөл олон нийтэд зарлагдах гээд байгаа учраас “Ёс зүйн ДЕЛО”-д тэмдэглээд хуулийн байгууллагаар шийдэх нь зүйтэй гэж үзээд ихэд товчлон түр азная. Гэхдээ мэдүүлэг бол хуулийн өмнө хүлээсэн хариуцлагатай, тэнд үнэн тэмдэглэгдсэн байдаг гэдгийг эрхэм Прокурорт сануулах нь илүүц биз ээ.
Бас нэг шүүгчийн факт! Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нар энэ оны 1 дүгээр сарын 03-ны мягмар гаригт албан өрөөндөө архидан согтуурч нэгийгээ зодож толгойд нь гэмтэл учруулсан хэрэг явдал гарсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан нь шүүгч Н.Хонинхүү, О.Оюунгэрэл, Э.Лхагвасүрэн нарыг өрөөндөө дуудаж шинэ жилийн арга хэмжээнд яагаад ирээгүй талаар загнан дарамталж, нөхөн тэмдэглэх нэрийдлээр өдөржин архидсан бөгөөд орой нь Шүүхийн тамгын дарга Өнөржаргалыг “ажил дээр яаралтай архи аваад ир” гэж дуудаад бүгд хамт архидаж байтал Тамгын дарга Өнөржаргалын нөхөр ажил дээр нь ирж эхнэрээ хардан маргаан үүсгэн хоорондоо зодолдож нэгнийхээ толгойд хүнд гэмтэл учруулсан байгаа юм.
Хүндэт иргэд ээ! Дээрээ хуультай ард түмэн гэж бидний дээдэлдэг шүүх, прокурорын байгууллагад ийм хүмүүс өнөөдөр алба хашиж байна. Хэн, хэзээ үүнийг цэвэрлэж цэгцлэх бол? Ганцхан жилийн дотор эдгээр бусармаг үйлдлүүдийг хав дарсаар өдийг хүрлээ, бидний мэдээгүй хэчнээн хэрэг явдал, ёс суртахууны зөрчил гажуудлууд бичигдээгүй үлдсэн бол?