ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэнтий аймагт ажиллаж байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон орон нутгийн удирдлагуудын хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна.
Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд хамгийн холоос гэхэд Увс, Говь-Алтай, Завхан аймгийн малчид отроор өвөлжиж буй аж.
Оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 орчим бог, 20 гаруй үхэртэй өвөлжиж буй аж. Багануур дүүргийн нутагт зуншлага сайн байсан ч намраас хойш өнөөдрийг хүртэл 16 удаагийн цаснаар 40 орчим см цасан бүрхүүл тогтож, дагтаршсанаас цагаан зудтай, өдөртөө -40 градус хүрч хүйтэрч байгааг М.Лхагвадаш хэллээ. Тэднийх Багануур дүүргийн төвд хувиараа аж ахуй эрхэлж байгаад 5 жилийн өмнөөс мал маллаж эхэлсэн гэнэ. Бага хүүхэд нь энэ жил их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байгаа бол том охин нь Багануур дүүрэгт, нөхөр хүүхдийн хамт амьдардаг учраас хүн бүл цөөн, тусалж дэмнэх хүн бүл цөөн гэдгээ учирлалаа.