Сурвалжилга: 10324 шарилыг чандарлаж залсан Самбалхүндэв цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийхэд бэлэн болжээ

0

Самбалхүндэвийн буюу иргэдийн нэршиж заншсанаар Даландавхар хаагдсан оршуулгын газар 74 га газрыг хамран Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог. Энд багцаалсан тоогоор 100 мянга гаруй шарил бий. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн жишиг тогтоох зорилгоор эхний ээлжинд 10 га газрыг чөлөөлж, оршуулгын нэгдсэн төв, морг, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр уг бүтээн байгуулалтын ажил нийтээрээ 50 хувьтай, үүнээс 2 га талбайд төлөвлөсөн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 98 хувьтай явж байна. Өөрөөр хэлбэл, уг 10 га газраас чөлөөлсөн 14321 шарилыг чандарлан, харагдаж буй эл цэцэрлэгт хүрээлэнд зан үйлийн дагуу залж, газарт оршоож. Мөн ногоон байгууламж, сүм, зан үйлийн барилгыг сүндэрлүүлээд дуусч байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд бий болж буй уг төсөл ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F306367028757268%2F&show_text=false&width=476&t=0

-Д.Шийтэр: Бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэхээр ирэхдээ хайгаад явах шаардлагагүй-

Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн

-Бүтээн байгуулалтын явцаас та ерөнхий мэдээлэл өгөөч?
-Самбаллхүндэвийн оршуулгын газрын 74 га газраас 10 га-г чөлөөлөн цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийн ажлууд хийгдээд явж байна. Үүнээс хоёр га-д төлөвлөсөн цэцэрлэгт хүрээлэн 10 сарын 1 гэхэд дуусч хүлээлгэн өгөхөөр ажлын явц 98 хувьтай байна. Тус газрын 7 га-д нь оршуулгын нэгдсэн төв, нэг га газарт ШШГЕГ-ын морг баригдахаар төлөвлөсөн. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж буй уг бүтээн байгуулалт нь нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, түүнчлэн түгжрэлийг бууруулахын ажлын хүрээнд хийгдэж буйгаараа бас онцлогтой.
-Чөлөөлсөн шарилуудыг ямар зохион байгуулалтаар хөрсөнд залсан бэ?
-14423 шарилын чандарыг хоёр үе шаттайгаар энэ сард зохион байгуулж, ногоон байгууламжуудын хөрсөн дор оршоосон. Харагдаж буй нэг хэсэгт л гэхэд 100-150 чандар залсан бөгөөд талийгаачийн мэдээллийг өнгөт чулуун самбарт байршуулна. Иргэд бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэхээр ирэхэд нас барсан он, овог нэр гээд аль ч мэдээллээр нь олох боломжтой. Мөн энд ирээд мэдээллийн нэгдсэн сангаас овог нэрээ хэлээд аль секторт байгааг мэдэх боломжтой. Хайгаад явах шаардлагагүй гэсэн үг.
-12 секторт тус бүр 100-150 чандар залжээ. Үлдсэн чандаруудыг хэрхэн байршуулах вэ?
-Үүдэн хэсэгт байрлаж буй хоёр суваргад оршооно. Нэг суваргад 4000 гаруй чандар байрших юм.
-Даландавхарын үлдэж буй уламжлалт шарилтай 64 га газрыг хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Энэ эхний жишиг төслийн үр дүнг харна. Үүний дараа нээлттэй төсөл сонгон шалгаруулалт зарлана. Онцлог нь шарил чөлөөлөх ажлыг мэргэжлийн компаниудаар зан үйлийн дагуу гүйцэтгүүлнэ. Бусдаар тухайн компани өөрөө ямар төсөл бичиж орж ирэхнэв тэр зураг төслийн дагуу явна. Даландавхар бол газрын нөөц дууссан хаагдсан оршуулгын газар шүү дээ.
-Нийслэлийн хэмжээнд цаашид оршуулгын газрыг хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Жилд буяны үйл ажиллагаанд зориулж 8-12 га талбайг төлөвлөдөг. Цаашдаа шарилыг чандарлуулж оршуулдаг сонголтыг хийх чиглэлээр ажиллаж байгаа. Учир нь хот тэлэлт суурьшил өдрөөс өдөрт нэмэгдэж хэдэн жилийн өмнө 5 км зайд байсан оршуулгын газарт суурьшлын бүсэд ойртоод ирж байна. Одоогоор улсын хэмжээнд “Улаанбаатар буян” компани л баруун, зүүн хэсэгт цогцолбор барьж үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид чандарлах төрлөөр үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүд бий болох болов уу.
-Иргэдийн дунд чандарын компани айлуудтай ойрхон үйл ажиллагаа явуулж байна гэх гомдол санал байгаа. Баруун бүсийн Улаанбаатар буяны цогцолбор бол айлуудтай маш ойрхон шүү дээ?
-Чандарлах үйл явц иргэдэд аюултай, хортой зүйл байхгүй. ISO стандартуудыг баталгаажуулсан. Маш сайн мөрдөж ажилладаг. Тусгай зориулалтын чандарладаг зуух нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй стандарттай.

-Б.Бат-Эрдэнэ: Бурхан болоочоо эргэх гэж бусдын шарилыг гишгэлж, чулуу, хог туучих, цэцэрлэгт хүрээлэнд ирэх хоёрын ялгааг ойлгоно-

Төслийн гүйцэтгэгч “Орис” ХХК-ийн захирал

-Төслийн эхний бүтээн байгуулалт дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн сэтгэгдлээ хуваалцаач?
-Дөрөвдүгээр сараас эхэлсэн бүтээн байгуулалтын ажил маань дуусах шатандаа орж, ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид оргил үедээ 140 ажилтантай, туслан гүйцэтгэгч компаниудтайгаа хамтран ажиллаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 40 гаруй хүнтэй ажиллаж байна. Товчхондоо хэлэхэд одоо сүмийн барилгын дээвэр, пасадны ажил дуусаад нээхэд бэлэн болно. Энэ төсөл бол монголд бурхан болоочдоо зориулалтын цэцэрлэгт хүрээлэнд оршоосон анхны хүндэтгэлийн газар гэдгээрээ онцлогтой. Ажилчид оршуулгын газар гээд эмээж байсан ч дуусахын цагт нэг юмыг маш сайн ойлгосон.
Бурхан болоочийнхоо шарил дээр очиж хүндэтгэл үзүүлэх гэж бусдын шарилыг гишгэлж, чулуу, хог дундуур явж очих, энэ хүрээлэнд ирэх хоёрын ялгааг маш сайн ойлгосон. Өвөг дээдэс, хайртай дотны нэгнийхээ шарилыг хүндэтгээд буян санаад ирэхэд ийм гоё орчинд угтана. Талийгаачийнхаа шарилыг өндөрлөгт зан үйлийг дагуу залсан. Ар гэрийнхэн нь ирээд мөргөж залбирахад сүм дуган нь байна, номоо уншуулчихна, зулаа өргөчихнө, бие засах газар гээд бүх үйлчилгээг энд цогцлоосон.
-Төслийн эхний бүтээн байгуулалтын ард гарах хүртэл тохиолдож байсан асуудлууд нь юу байсан бэ?
-Манай улсад хийж буй өвөг дээдэс бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэхэд зориулсан анхны төсөл. Оршуулгын газар чөлөөлж бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг утгаараа ажилчид 1-2 хоноод яваад өгөх, ийм газраас бузартана, сэвтэнэ гэх мэт асуудал эхэн үедээ байсан. Монгол хүний сүжигтэй л холбоотой юм даа. Түүнээс биш гүйцэтгэгч компани бол шарилыг чөлөөлөөгүй. Мэргэжлийн компани гүйцэтгэж газраа чөлөөлсний дараа бид ажлаа эхэлсэн. Манай компани “Новотел”-ийг иж бүрнээр, Гүнжийн хотхон, Баянзүрх дүүрэгт хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон төслийг гүйцэтгэсэн компани. Туршлагаараа ч, хамтын ажиллагааны үр дүнгээр монголд анхдагч төслийг амжилттай гүйцэтгэээд явж байна.
-Оршуулгын мэдээллийн нэгдсэн төв, моргын ажил хэдийд дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хоёр жилийн дотор дуусна.

-Нүсэр хийц, алтан шаргал өнгөөс татгалзсан сүм, жаргалыг бэлгэдэж, зовлон буйг ч сануулсан шийдэл-

Энд 1920-иод оноос шарил тавьж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ная, ерээд онд хоёр ч удаа хаасан ч иргэд зай сиймхийд талийгаачаа нутаглуулсаар 2015 онд НИТХ-ын тогтоолоор хаагдсан оршуулгын газраар баталсан. Хэдэн арван жилийн турш яригдсан Даландавхрыг цэгцлэх ажил өнөөдөр ийн биелэлээ олж эхэлжээ. Онцлоход энд бүгдийг маш сайн гүйцэтгэж. Иргэд зориулж зассан зогсоолд машины тавиад Самбаллхүндэв хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд орно. Томоохон жалга бүхий газрын өндөржилтийг гүйцэтгэгчид алгуурхнаар дээшлүүлсэн шийдэлтэйгээр зохион байгуулж. Сүм дуганы хийц бидний уламжлалт алтлаг өнгөтэй хээ хуар бүхий нүсэр хийцээс татгалзаж Япон загварыг “мөрдөж”.


Явган замыг цагаан, хар, саарал өнгөөр урт богино байдлаар хавтанг хайнгадуу мэт урлаж. Сайн сайхны бэлгэдэл цагаан өнгө давуу байна. Хүний амьдралд элдэв саад бэрхшээл хэзээ ч хаана ч тохиодог учир хар саарал өнгийн энд тэнд хамаагүй оруулж өгсөн гэв. Сүмийн эргэн тойрныг хүндэтгэлийн улаан, хар өнгөөр шийдэн шаллаж. Ногоон байгууламж нүд баясгах бөгөөд нийт талбайг бүрэн гэрэлтүүлсэн нь үзэмж нэмэх аж. Цаашид энэ хоёр га-д 45 мянган мод сөөг нэмж тарих бөгөөд ер нь төслийн нийт талбайн 70-80 хувьд ногоон байгууламж барих юм байна.


Шарил чөлөөлөх төслийг “Нью семерти” ХХК 40 тэрбум гаруй төгрөгөөр 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, чандарлаж бунхан болон хөрсөнд оршоох хүртэл хадгалах ажлыг “Улаанбаатар буян” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Нэр ус тодорхойгүй шарилуудыг нэгдсэн байдлаар хөрсөнд оршоож, тусгай самбарт хүндэтгэл илэрхийлсэн, тайлбарласан утга агуулга бүхий мэдээлэл байршууулнэ гэлээ.
Ташрамд дурьдахад, талийгаачийн шарилыг аль хэсэгт байршуулах, хэрхэх зэрэгт ар гэрийн хүсэлтийг хүлээн авч ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 5 гэр бүл чандарыг энд байршуулахгүй өөрсдөө өвөг дээдсээ оршуулсан газраа зална гээд авч явсан бол хоёр айл чандарлуулахгүй, нутагт нь оршуулна гэсэн шийдвэр гаргаад аваад явжээ.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *