АЭХ: Ц.Элбэгдорж шахагдаж, С.Одонтуяа саналын хайрцаг зугтаалгаж, Х.Баттулга Б төлөвлөгөө хэрэгжүүлэв
Н-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2023.09.25/ 11.00 цагт эхэлж, бүтэн 17 цаг үргэлжилсний эцэст шөнийн 04.00 цагт дууслаа. Өрсөлдөөн
- УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн,
- М-Ойл группийн Б.Пунсалмаа,
- АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан
- Д.Үүрийнтуяа
- Д.Эрдэнэсувд
- Ц.Уянга
- Н.Одонгуа гэсэн эмэгтэйчүүдийн дунд өрнөв.
МАН болон АН-ын дэргэдэх байгууллагыг удирдаж буй эрхэм ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтад дээгүүр бичигдэх юм. Иймд АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөн алсдаа хэн жагсаалтад дээгүүр бичигдэх вэ гэсэн өрсөлдөөн явсан гэхэд болно.
–Сунгааны эхэнд “А.Адъяасүрэн гарна” гэх найруулга давамгайлж, Л.Гантөмөр, С.Баярцогт, С.Эрдэнэ нар эсэргүүцжээ-
Сунгааны эхэнд гол өрсөлдөөн А.Адъяасүрэн, Ц.Уянга нарын дунд буюу Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын дунд өрнөнө гэдэг прогноз давамгайлж байв. Өөрөөр хэлбэл АН-ыг Ц.Элбэгдорж авах уу, Х.Баттулга авах уу гэдэг өрсөлдөөн.
Улмаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг гэж гадна дотноос гүйлгэсэн хар хор, түүний хаясан мөнгөнүүд хүчийг үзүүлсэн гэгдэх. “Санал нэгэнт хайрцаглагдсан, ялагч нь А.Адъяасүрэн” гэх цуурхал ч эрт тархжээ. Ц.Оюундарь, н.Эрдэнэчимэг тэргүүтэй МоАХ-ныхон ч ил цагаанаар “балешиглаж” гүйсэн байна.
Гэхдээ намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогтоос эхлээд С.Эрдэнэ тэргүүтэй томчуул нь “үгүй” гэх эсэргүүцлийг илэрхийлсэнээр багагүй маргаан үүсгэсэн аж.
–Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд нарыг санал хуваах зорилготой оруулж ирсэн С.Эрдэнийн хор-
С.Эрдэнийн хувьд Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд хоёрыг санал хуваахаар зорилготойгоор оруулж ирсэн. Эцсийн дүндээ тэр хоёр нэрээ татаж Б.Пунсалмааг өрсөлдөөнд үлдээх тохироотой байжээ. Үүний найруулагч нь УИХ-ын гишүүн С.Одонтуяаг гэх мэдээлэл хөшигний ард бий нь дуулдсан. Энэ ч найруулга ёсоор болсон уу, ямартай ч санал хураалт эхлэхээс өмнө зарим нэр дэвшигчид нэрээ татсан юм. Тодруулбал, Д.Эрдэнэсувд, Ц.Уянга, Н.Одонгуа нар Б.Пунсалмааг дэмжихээ илэрхийлээд нэрээ татчихсан.
Гэхдээ Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар гэнэт нэрээ татсанаар Ц.Уянга Б.Жаргалангийн саналаас зулгаалж, А.Адъяасүрэн автоматаар гараад ирж болзошгүй байсан тул нэрээ яаралтай татахаас аргагүй байдал үүссэн гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл эхний санал хураалтаар Б.Пунсалмаа 48, Д.Үүрийнтуяа 11, Ц.Уянга 30 гаруй гэхчлэн жижиглэсэн саналуудыг цуглуулах, А.Адъяасүрэнд гарах нөхцөл бүрдэх эрсдэл үүссэн гэх.
Ингэхдээ А.Адъяасүрэн гишүүнийг гаргах үүднээс шууд санал хураах тогтоолоо батлах гэж мандатыг нь өргүүлж шахах зэрэг факттай оролдлогууд гарчээ.
-А.Адъяасүрэн Б.Пунсалмаад жагсаалт амлаж, С.Одонтуяа саналын хайрцаг авч зугтаалгажээ-
Шөнийн 00.00 цагаас дахин санал хураалтаар эхэлсэн сунгаа 04.00 цаг хүрч байж дуусжээ. Энэ хугацаанд Б.Пунсалмаа, А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Д.Үүрийнтуяа нарын дөрвөн нэр дэвшигчтэйгээр үргэлжилсэн. Гол өрсөлдөөн Д.Үүрийнтуяагаас бусад гурвынх нь дунд өрнөсөн аж.
Эцэст нь экс Ерөнхийлөгчийн хэт улайрал дундаас А.Адъяасүрэн гишүүн гарч чадаагүй. “А.Адъяасүрэн л биш бол хэн ч яах вэ” гэдэг хуваагдал руу оруулж орхисон.
Чанга өрсөлдөгч гэж үзэн Б.Жаргалан Б.Пунсалмаад АЭХ-ны тэргүүн дэд даргын суудал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Б.Пунсалмаад УИХ-д нэр дэвших жагсаалт санал болгосон гэх.
Нөгөө талаас УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн Б.Жаргаланг дэмжсэн хэт улайрал, санал хураалтын хайрцаг авч зугтахад хүртэл хүргэсэн гэх.
А.Адъяасүрэн, Б.Пунсалмаа хоёрын хоорондох өрсөлдөөн дундаас Б.Жаргалан санал хураалтаар гарчээ. Б.Жаргалан гэдэг нь мөн л экс Ерөнхийлөгч Х.Баттулгын сонголтын нэг. МоАХ болон МҮДН угшилтай хүмүүс гаргасан гэсэн үг. А.Адъяасүрэн А, Б.Жаргалан Б төлөвлөгөө экс ерөнхийлөгчийнх байсан гэдэг шуум улстөрийн хөшигний ард хөвөрч байна. Нөгөө талаар аавынх нь хөтөлж ирсэнээр, Л.Гантөмөр, С.Баярцогт хоёрт сонголтгүй сонголт болов.
Эх сурвалж: Eguur.mn