Оросын Думын дарга В.В.Володин айлчлалынхаа үеэр “Монгол Улсад орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ

0

Өнгөрсөн долдугаар сарын 06-ны өдрийн /2023.07.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийг баталсан. Эрэмбээрээ Үндсэн хуулийн дараа бичигдэх Боловсролын ерөнхий хуулиас нэг заалт олны анхаарлыг ихээхэн татаж, нийгэмд хэлэлцүүлэг болж чадсан билээ. Тэр нь “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь Англи хэл байна” гэсэн заалт юм.

-БҮХ ХҮҮХДЭД БАГА АНГИАС НЬ АНГЛИ ХЭЛ ЗААХ ЗААЛТЫГ ОРОСУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙВ-

Яг энэ заалтыг тойрч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, боловсролын салбарынхан болон УИХ-ын түвшинд өнгөрсөн хаваржин өргөн хэлэлцүүлэг хийсэн. Анхнаасаа олны анхаарлыг татсан энэ заалтыг УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд хэд буцааж, хэд эргүүлсний эцэст баталсан. Асуудал гэж тодотгосны учир нь биднийг англи хэлтэй болохыг манай хойд хөрш ОХУ эсэргүүцсэнээс эхлэлтэй. Өөрөөр хэлбэл, Боловсролын яамнаас тус хуулийн төслийг боловсруулж эхлэх шатанд л тухайн үед ОХУ-аас манай улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан И.К.Азизов “Англи хэлний заалт”-ыг эсэргүүцэж, шатахуунаа литр тутамд нь 10 мянган төгрөгөөр аваарай” зэргээр сүрдүүлж, манай нэр бүхий албан тушаалтнуудтай муудалцсан гэх мэдээлэл бий.

Үүнээс хойш УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Улсын хар хайрцаг, геополитикт хортой” гэх шалтгаанаар зарчмын зөрүүтэй санал гаргаж тус заалтыг унагасан бөгөөд эцэстээ энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй гэх шалтгаанаар дэмжигдэхгүй горимд орсон. Үүнээс үүдэн гишүүд “Монгол хүүхдүүдийг англи хэлтэй болгохыг дэмждэг, дэмждэггүй” гэдгээрээ хуваагдан хэдэн талд хэсэг хугацаанд хэрэлдсэн. 

Ерөөс юу болсон юм бүү мэд. Гэтэл эцэстээ дээрх бүх бужигнааны үндэс нь хойд хөршөөс л болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хойд хөршөөс тус заалтыг хасахыг шаардаж, шахалт үзүүлэхийн зэрэгцээ шатахуун болон бусад асуудлаар тулгалт хийсэн байж болзошгүй тухай мэдээлэл байдаг. Энэ заалт бол монголчуудын боловсролын хувьд “үзэл санааны тунхаг”. Үүнийгээ монголчууд үзэл санаа, үнэт зүйл болгон тунхаглах нь хоёр хөршид таалагдахгүйгээс л ганцхан энэ заалтыг тойрч УИХ-ын түвшиндээ ингэж их асуудал болсон нь энэ. Гэсэн хэдий ч парламентын ардчиллаараа бид эцэст нь энэ заалтаа авч үлдсэн.

-“ОРОС ХЭЛ СУРАХ ХЭРЭГЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ БҮХИЙ Л БОЛОМЖ БҮРДЭХ НЬ ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛНО” ГЭЖЭЭ-

Тэгвэл өнгөрсөн ням, даваа гарагт манай улсад айлчлал хийсэн ОХУ-ын Төрийн Думын дарга В.В. Володин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Монгол Улсад орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр  “Монгол Улсын иргэдийн дунд Оросын боловсрол, уламжлал ёс эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган мэргэжилтэн Орос улсад боловсрол эзэмшсэн. Иймд цаашид Орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл Монголд бүрдэнэ гэж бид найдаж байна” гэжээ. Энэ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх нь чухал хүчин зүйл болсныг В.В.Володин тэмдэглэсэн аж. Харин Оросын думын шинжлэх ухааны хорооны дарга Сергей Кабышевын тэмдэглэснээр ОХУ-д байгаа монгол оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авснаа дуулгасан аж. Ташрамд дурдвал,“Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэх заалт батлагдсанаар хувь, хувьсгалынх нь ялгаагүй бүх сургууль суралцаж буй хүүхдүүдэд бага ангиас нь англи хэл заах боломж суурь тавигдаж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: RIA.RU

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *